Аз жаргалтай анхны шинэ жил минь

Хүүхэд  байхдаа шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Хөдөө, орон нутагт шинэ жилийн баярыг тэгтлээ өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Тэгсэн хэдий ч хэр хэмжээндээ тааруулаад, жижигхэн баяр хийгээд өнгөрдөг байсан юм. Өнгийн цаасаар тууз хайчилж, цасан ширхэг хийнэ. Цасаар өвлийн өвгөн хийж, сургуулиас онц сурсан хүүхдэд цаасан уутанд алим, чихэр амттан хийгээд өгнө. Чихэр, жимс ховор байсан болохоор хамгийн сайхан бэлэг нь тэр байлаа. Мөн өвлийн өвөө, цасан охин, ан амьтан гэх мэт бүхий л зүйл байдаг. Тэрэндээ жигтэйхэн их баярлаж, баясдаг байж.

Шинэ жилийг ингэж л тэмдэглэдэг заншил, хөдөөгийн буйдхан суманд тогтчихсон. Түүнээс өөрөөр тэмдэглэж байхыг огт санадаггүй. Хот газрынхантай адилхан торт, оргилуун дарс байхгүй ч ийнхүү сэтгэл гаргаж тэмдэглэсэндээ хачин их баярлаад шинэ оноо угтдаг байсан юм.

 Харин 2000 онд манайх Улаанбаатарт шилжиж ирэв. Тэр үед би нутагтаа аравдугаар ангиа дүүргэхээр үлдэж, манай хэд хотын хүмүүс болох гэж хэрэндээ л хичээж буйгаа хааяа нэг холбоо барихдаа дуулгана. Хотод цаг, завгүй хөдөлмөрлөж байгааг ээж минь утсаар ярих болгондоо дуулгадаг. Нутгаа санаж байгаа хэдий ч хүүхдүүдийнхээ ирээдүйг бодвол хот нь дээр юм байна гээд ярьдаг байж билээ.

Аав, ээж хоёр ажилд орж, хоёр дүү маань сургуульд орсон гээд манай хэд намайг сургуулиа төгсөөд ирэхэд аль хэдийнэ Улаанбаатарт идээшчихсэн байсан. Харин би сүүлд ирснээрээ Улаанбаатарт дасах гэж хэрэндээ л хичээж байлаа. Ингээд цаг хугацаа иргэдэгээ эргэж, Улаанбаатарын анхны шинэ жилтэйгээ золгов. Хөдөөд сүртэй тэмдэглэж үзээгүй болохоор тэгтлээ гоё баярладаг, тэмдэглэдэг гэж огт санаагүй.

Гэтэл аав, ээж хоёр хоол,  салат, жимс, оргилуун дарс, торт гэх мэт элдэв төрлийн амттанаар ширээгээ засаад ах, дүү хамаатан саднаа уриад хачин сайхан тэмдэглэж билээ. Бид гуравт жигтэйхэн гоё, гоё бэлэгнүүд бэлдчихсэн. Тэр үед аав, ээж хоёр минь 40 гарсан байсан санагдана. Мөн миний нагац эмээ, ээжийн минь ах, дүү гээд бараг 50  гаруй хүн манайд цуглаж, нэг оройг сайхан өнгөрүүлсэн юм. Зураг хөргөө даруулж, дуу хуур болж, мөн ч олон хүнээс бэлэг авч билээ.

Одоо энэ дурсамжийг дурьдахад өнөөдөр мэт санагдаж байна. Он гарах мөчид  оргилуун дарсаа буудуулж, хүслээ шивнээд нэгэн оноо үдэж, дараагийн онтой золгож байлаа. Энэ миний тэмдэглэж өнгөрүүлсэн хамгийн анхны хамгийн сайхан шинэ жил байсан юм.  Дараа нь бүгдээрээ Сүхбаатарын талбай гарч, зураг даруулсан. Одоо ч энэ зураг хадгалаастай байна. Хөдөөний буйдхан газарт тэмдэглэдэг, тэр шинэ жилээс тэс өөр. Үгийн сайхныг хэлж, ах дүү хамаатан садангаараа цуглаж, хүүхдийн инээд, мандрины үнэрт умбасан анхны минь шинэ жил ийм сайхан дурсамжтай өнгөрсөн юм.