Үзэгчид Боб Саппыг ялна гэж “таамаглажээ”

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японы “ABEMA TV” телевизийн “Асашёорюүг ялаад 10 сая иэн” нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ.

Тус тэмцээнд оролцогчид Аса аваргыг дохёноос түлхэн гаргаад, шагналын 10 сая иэн буюу монгол мөнгөөр 215 сая төгрөгийг авах юм.

Түүнийг тамирчин биш таван залуу дэвжээнээс түлхэн гаргах гэж оролдоно. Харин үүний дараа гурван VIP өрсөлдөгч гарч ирэх аж. Тэдний нэг нь Америкийн холимог тулаанч Боб Сапп бол нөгөө нь олимпийн мөнгөн медальт жүдоч Изүми Хироши, гурав дахь нь озэки Котомицүки  аж.

Тус сүмо бөхийн онц сонирхолтой реалити барилдаан өнөөдөр манай цагаар 19.00 цагт эхэлсэн. Тэгвэл нэвтрүүлэг цацагдахаас өмнө телевизийн баг бүрэлдэхүүн 120 хүнийг оролцуулсан санал асуулга явуулжээ.

Тэдний ихэнх нь буюу 36 нь холимог тулааны тамирчин Боб Саппыг энэ тулаанд ялна гэж таамагласан бол ердөө есөн үзэгч Асашёорюү аваргыг ялна гэж үзсэн байна.