О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

Төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, СГЗ, нэрт зохиолч, яруу найрагч З.Дорж, Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн наадмыг энэ жилээс зохион байгуулахаар болжээ.

Тус наадмын тэргүүн  байрын шагнал 10 сая, хоёрдугаар байр таван сая төгрөг бол гуравдугаар байр эзэлсэн зохиолч  ном хэвлүүлэх эрхийн эзэн болох аж. Хамгийн өндөр шагналын сантай энэхүү яруу найргийн наадмын эхний үе шатанд зохиолчид:

  • Их дагина Дондогдуламын үйл хэрэг,
  • Их дагина Дондогдуламын эрдэм чадал,
  • Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увдис нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд

naadam@sodmongolgroup.com и-мэйл хаягаар энэ сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх юм байна.

Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд II, III шатанд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөх юм байна. Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой юм.

Түүнчлэн Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг гадаад хэлээр орчуулан олон улсад гаргах зорилгыг агуулсан болохыг Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмыг зохион байгуулагчид онцолж байна.

Тэмцээн энэ сарын 26-нд болно.