Хоёр тэрбумын үнэтэй аз жаргалын индекс хаана байна

264

Ингэж асуумаар байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/23 дугаар тушаалаар “Аз жаргалтай хотын индекс тооцох” ажлын хэсгийг байгуулж, нэг тэрбум төг­рөгийн төсөв төлөвлөжээ. Харин энэ онд мөн нэг тэрбум төг­рөгийг тус ин­дексийг тооцох ажлын хэ­сэгт хуваарилсан байх юм.

Аз жаргалтай хотын индекс гэ­дэгт яг юу багтдаг вэ. Орчны агаа­рын чанарын хэмжилт, Ариун цэврийн шаардлага хан­га­сан байгууламжтай өр­хийн тоо, Нийт өрхийн тоо, Үүсмэл хогийн цэгийн тоо, Хур хогийн цэгийн тоо гэх мэт 9-10 үзүүлэлтүүд байдаг гэнэ лээ.

Ийм хэдхэн үзүүлэлттэй нэг хүснэгтэд ганц нэг тоо бичихэд хоёр тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэн, гарын салаагаараа урсгаж байна. Хотын мэр С.Батболдын баг өмнө байсан болгоныг баллуурдаж өөрсдөө шинээр хийх гэж оролдож буй ажлын нэг нь энэ. АН нийслэлд олонхи байхад АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гэр хорооллын Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагчидтай хамтран “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх төсөл”-ийн хүрээнд хийсэн газрын зураглалуудыг багтаасан амьдрах орчны зураглал, /онлайн газрын зураглалын сан бүхий/ www.manaikhoroo.mn вебсайтыг үргэлжлүүлэн ашиглаад явсан бол татвар төлөгчдийн ийм их хөрөнгийг салхинд хийсгэх шаардлагагүй байлаа.

Энэхүү зураглалыг гэр хорооллын Захирагчийн ажлын алба удирдан зохион байгуулж, эхний ээлжийн төслийг 2013 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлж, гэр хорооллын 87 хороог хамруулсан. Уг төсөлд төсвийн хөрөнгөөс нэг төгрөг ч гараагүй. Уг зураглалд тухайн хороонд амьдарч буй нийт иргэдийн тоо, сургууль, цэцэрлэгт хамрагдагсдын тоо болон хүрэлцээ, хур болон үүсмэл хогийн цэгийн тоо, гэрэлтүүлэг, усан хангамж, нийтийн тээврийн хүрэлцээ, хэдэн км явж автобусны буудалд очих гэх мэт нийт 21 үзүүлэлтээр судалгаа гаргах гэж гэр хорооллын гудамж болгоноор хорооны дарга, хэсгийн ахлагч нартай явж яг газар дээр нь хийж байлаа.

Энэхүү зураглалыг АНУ-ын Азийн сан хөрөнгийг нь гаргаж, цаасан хэлбэрээр хэвлүүлэн хороо бүрт тарааж, цахим хэлбэрт оруулсан билээ. Үүний дараа 2014 оны эхний хагас жилд орон сууцны 65 хороонд мөн амьдрах орчны зураглалыг хийж, цахим хэлбэрт оруулсан. Энэ зураглалын цаасан болон цахим хэлбэрийн аль нэгийг нь ашиглаад л хоёр тэрбум төгрөг зарцуулаад байгаа аз жаргалтай хотын индекс гэдгийг захын нэг мэргэжилтэн хоёр өдөрт л гаргах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ зураглалыг цаасан хэлбэрээр хэвлэн нийслэлийн есөн дүүргийн хороо бүрт өгч байнга шинэчилж байх удирдамжийг хүргүүлэн ажил хэрэг болгож байв.

Харин дүүргүүдийн “ай ти” мэргэжилтнүүдэд сургалт явуулж, цахим хэлбэрээр байнга шинэчилж боломж нөхцлийг нь бүрдүүлсэн байв. Энэхүү зураглалыг ямар ч хэлбэрээр ашиглаж, хаана худаг хэрэгтэй байгаа, сургууль, цэцэрлэгийн болон нийтийн тээврийн хүртээмж гээд л бүх үзүүлэлтийг хараад нийслэлийн есөн дүүргийг дахин төлөвлөх, ирээдүйгээ харсан хот төлөвлөлтийг хийх бүрэн боломжийг нээж өгсөн билээ.

Гэтэл үүнийг АН-ын хийсэн ажил гэж үзэн www.manaikhoroo.mn сайтыг унтуулж орхиод дахин хийх гэж оролдож, аз жаргалтай хотын индекс гэж гоё нэрлэн хоёр тэрбум төгрөгөөр наадаж суугаа нь энэ. Тус зураглалыг хийх ажлыг удирдсан хүмүүс нь АН-ынх байж болно. Харин гардан хийсэн Засаг захиргааны анхан шатны нэгжийн ажилтнууд нь бараг бүгд МАН-ын данстай албан хаагч нар байсан гэдгийг батлан хэлж чадна.

Үнэхээр улстөржих гээд байгаа юм бол хэн хэрхэн хийсэн гэдгийг эргэн харах ухаан хүрэхгүй байна гэж үү. Дэлхий улс орнуудын хотууд ийм их хөрөнгө зарцуулж, индексээ тогтоодоггүй байх. Ер нь хотын хөгжил гэдэг хэдэн хүн тэрбумаар нь мөнгө цацаж, ганц нэг улстөрч утаа судлан гэр хорооллоор хэрэн хэсч, өөрийгөө сурталчилснаар урагшилдаггүй юм гэдгийг Инденоз улсын жишээн дээр сайн мэдэрсэн юм. Тус улсын аль ч хот шийдвэр гаргахдаа заавал иргэдийн оролцоотой тэдний санал санаачилгад тулгуурладаг гэнэ лээ.

Тухайн хотын иргэд л ямар санал санаачилга гаргана түүнийг нь хотын дарга гүйцэтгэдэг. Иргэд нь хүсэхгүй бол ямар ч эрх мэдэлтэн өөрийн дураар ямар нэг ажил хийдэггүй. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгийг эрх мэдлээ ашиглан гоё нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор татварын мөнгөөр тоглодог увайгүй үйлдэл бүрэн зогссон гэж ойлгож болно. Тус улсад манай нийслэлийн дарга нар шиг Аз жаргалтай хотын индексийг тогтооно гэж хоёр тэрбум төгрөг халаасандаа хийсэн бол маргааш нь “аавын” хаалга татна.

Ийм тогтолцоог хэрэгжүүлсэнээр хөгжлийн хурдаараа дэлхийд эхний 10-т орж байгаа гэсэн сайхан мэдээг бидэнд танилцуулж билээ. Гэтэл манай нийслэлийн удирдлага гоё нэрээр иргэдээ хуурч, мөнгө угаадаг бизнест гаршиж буйн бодит жишээ нь энэ. Бэлэн материалиа устгаад бий болгох нэрээр хоёр тэрбум төгрөг хувааж идэж байхаар гэр хорооллын орлого багатай хэдэн өрхөд цахилгаан халаагуур тарааж, төлбөрийг нь төлчихсөн бол харин хэдэн иргэнд ч гэсэн наалдах үр дүнтэй ажил болох байсан юм биш үү.