Цэнхэр нүдэн Таня

137

/Өгүүллэг/

Нялх ногооны үнэртэй зөөлөн сэвшээ салхи сөрөн хатирах хоёр морьтон Зээргэнтийн хөтөл дээр гараад мориныхоо жолоог татав. Сумын төвөөс гарсанаас хойш ганц ч үг дуугарахгүй явсан малын эмч Дүгэр дэргэд нь хүн явааг сая мэдэв үү гэлтэй:

-Тэр харагдаж байгаа хот айл даа гэж тэртээд цэнхэрлэн униартах Хөгнөхан ууландаа хэлж байгаа мэт хөндий хэлээд мориноосоо буув.

Би түрүүнээс хойш асуух гэж хэл загатнуулаад байсан асуултаа асуухаар шийдэн халааснаасаа янжуур гарган тамхилж:

-Машин тэрэг хүрч чадахгүй ийм аглаг хөвчид ганц гэрээрээ нутаглаж байхыг бодоход Базар гуай гэж нэлээд зөрүүд хүн бололтой. Эсвэл их ажилсаг хүн үү гэж асуутал:

-Хөвчид өвөлжих хэцүү гээд айл болгон л тал барааддаг. Харин Базар гуай л шантрахгүй наашаа зүтгээд байдаг юм. За даа очихын хооронд нэг их юм яриад яах вэ дээ. Сэтгүүлчид хүнийг уулзаагүй байж мэдчихдэг айхтар хүмүүс гэсэн биз дээ гээд инээв.

-Уулзахаасаа өмнө бага ч гэсэн мэдээлэлтэй болъё гэсэн юм

-Та очоод өөртэй нь ярилцвал илүү сонин байх байлгүй. Ажилсаг жижигхэн бор хүн бий. Биеэр жижиг ч сэтгэлээр ариун далай шиг хүн дээ.

-Танай нутгийнхан Базар гуай гээд л бүгд ам сайтай байхыг бодоход нээрээн л сайхан сэтгэлтэй тусч хүн төсөөлөгдөөд байгаа юм.

-Сэтгэл ч сайхан л даа. Базар гуайн буянд олон айл малтай болж амьдрал ахуй нь сайжирсан. Түмнээ л гэж явдаг хүн. За больё сэтгүүлч та нар ингээд хүн ам алдуулаад байдаг шүү. Өөрөөр нь яриулсан нь дээр биз дээ гэж хэлээд энэ нөхөр их удвал элдвийг шалгаагаад амар заяа үзүүлэхгүй нь гэж төвөгшөөсөн янзтай хараад:

-Хоёулаа мордох уу гэлээ. Хөгнөханы салбар уулсын нар ээсэн модтой ам өгсөн Базар гуайн гадаа ирлээ. Бид хоёрыг уяан дээр буухад орчлонгийн сайн, муугийн дундуур тоосыг нь хөдөлгөж явах гэж ирж байгаа шинэ төлийн дуу цангинан угтав. Бид шууд л хотны захад очлоо. Саяхан гарсан хурга эхэд нь амлуулахаар цааш харан өвдөглөн суусан гэрийн эзэгтэй эргэн харж бидэнтэй мэндлээд:

-Гэрт орж бай. Данхтай цай халуун байгаа гэх нь нэг л дотнохон, ам бүлийнх нь хүн шиг санагдав.

Эмч залуу:
-Та гэрт орж бай. Би ажилдаа оръё гэж хэлээд хонины хашаа даван орохдоо:

-Энэ хүн Базар гуайтай уулзахаар яваа төвийн сонины сурвалжлагч гэв.

Гэрийн эзэгтэй:-Манай хэдэн үхэр ой руу орчихоод гарч ирэхдээ их хойрго. Оройд нь үхрээ ойртуулахгүй бол хээрийн амьтан зооглочих гээд байдаг юм. Базар үхрээ ойртуулах гээд явсан хавьд ирэхгүй байх. Та ороод хүлээж байхгүй юу гэх нь одоо бидэнд битгий саад бол гэх шиг санагдав.

Гэрт орлоо. Жаазтай зургийг нь сонирхож байтал Киев хотын төв талбайд авхуулсан зураг нүдэнд содон тусав. Базар гуайн зураг мөн байх Киевт очиж байж дээ гэсэн бодол төрлөө. Мөнхийн ногоон энэ хотод дөрвөн жил суралцсан болохоор надад сэтгэлд ойрхон байдаг юм. Оюутан ахуй цагийнхаа дурсамжийг сэргээн бодол бэлчээн суутал гадаа үхэр мөөрч, адуу тургих чимээ сонсогдлоо. Би Базар гуайнхыг ганц гэрээрээ өвөлждөг юм болов уу гэж бодсон чинь хоёр туслах малчинтай хонь, үхэр нийлсэн 1500 гаруй малтай товхийсэн айл байв.

Гэрийн эзэн ирж байна даа гэсэн бодол тээн гарлаа. Үдшийн бүрий наашилж, жавартай салхи энгэр заам тэмтчин, энд тэнд үхэр, тугал мөөрнө. Базар гуайтай гэрийнх нь үүдэнд уулзан хамт оров. Эзэгтэй, малын эмч хоёр ажлаа дууссан бололтой орж ирлээ. Удалгүй оройн хоол бэлэн болж энэ хот айлын хүндэт зочин шиг дайлуулж, халуун яриа дэлгэн танилцлаа.

Базар гуай миний ирсэн зорилгыг сонсоод:
-Ахад нь яриад байх туршлага гэх юм байхгүй. Улсын сайн малчин болсон гавъяа маань миний ханьтай салшгүй холбоотой. Энэ хүний хөдөлмөрийн үр шимээр би ийм өндөр шагнал хүртээд байгаа юм. Төлөө хэрхэн эндэгдэлгүй бойжуулдаг арга ухааныг сурвалжилъя гэвэл миний ханиас ярилцлага ав. Харин ах нь чамд нэг сонин түүх ярьж өгье гэлээ. Гэрийн эзэгтэй, малын эмч хоёр хонь хургаллаа гээд гарав. Базар гуай тамхиа асаан хэсэг бодолхийлж сууснаа:

-Ах нь сурлага сайтай хүүхэд байлаа. Аав, ээж маань нэгдлийн хэдэн мал маллаж энэ л хөвчийг бараадан жилийн дөрвөн улиралд нутаглана. Би арван жил онц сурч алтан медальтай сургуулиа төгсч, өөрийн хүсэлтээр Укриан Улсын Киев хотын нисэхийн дээд сургуулийн хуваарь авч, хилийн дээс анх алхаж байлаа.

Бага байхын л нисгэгч болоод аав, ээж хоёроо суулган Хөгнөхан уулаа дээрээс нь харуулна гэж мөрөөддөг байсан. Энэ хүсэлдээ хөтлөгдөн нисэхийн сургуульд орсон юм. Нэгдүгээр курст байхдаа Молдав нутгийн нэг охинтой дотносон үерхсэн. Би түүнийгээ цэнхэр нүдэн Таня гэж дуудна.

Тэр маань манай сургуулийн холбооны хоёрдугаар курс. Надаас нэг эгч байсан. Бидний үерхэл хайрын галыг манаж, орчлонгийн цагаан дайдад хоёргүй сэтгэлээр ижилдлээ. Би хоёрдугаар курсээ төгсөөд нутаг явалгүй олон улсын оюутны гавшгай бригадад орж Сибирьт төмөр зам тавих ажил хоёр сар хийж замын зардалаа олоод Танягийнхаа нутагт очиж нэг сар амарч, аав, ээжтэй нь танилцав.

Бид хоёр намар нь сургуулийн декантай ярьж байгаад гэр бүлтэй оюутны байрны нэг өрөөнд орлоо. Монголынхоо Элчингээр дамжуулан гэр бүлээ батлуулах хүсэлтээ ч гаргалаа. Шинэ жил өнгөрөөд бараг бүтэх байх гэсэн ам сураг сонсоод бид магнайгаа хагартал баярлаж, үдэш нь найз нараа урин бяцхан цайллага зохион байгуулан хөгжилдөж байтал өрөөний хаалга тогшин шуудан зөөгч нэгэн бичиг өглөө.

“Аавын чинь бие муу байна. Яаралтай ир” гэсэн цахилгаан Монголоос иржээ. Нисэхийн сургууль юм болохоор намайг Улаанбаатар хүртэлх онгоцны зардлыг хариуцсанд би одоо хүртэл баярлаж явдаг.

Киев – Москва – Улаанбаатар гэсэн маршрутаар нисэн эх орондоо ирсэн. Би гурав хоногийн дараа гэртээ ирсэн ч аавтайгаа уулзаж чадаагүй. Аав маань улсын аварга малчин байсан. Нутагтаа их хүндлэгдсэн хүн байлаа. Олны дэмээр ажил явдал нь сайхан өнгөрсөн. Ах нь айлын ганц хүүхэд.

Тийм болохоор хөвчийн нэгэн аманд нэгдлийн хэдэн үхэртэй нь хамт ижийгээ орхиод явж зүрхлээгүй. Хөөрхий муу ээж минь “Миний хүү сургуульдаа яв. Мөнгөн цагаан хөлөг жолоодон Хөгнөханыхаа дээгүүр дүүлэн нисэх хүслээ гүйцээ” гэж олон удаа хэлсэн ч уулын мухарт ижийгээ бүртийтэл орхиод явах зориг хүрээгүй юм. Ингээд л би цэнхэр нүдэн Танягаа бодон Хөгнөханыхаа өвөрт үлдсэн.

Тэр үед социалист нийгэм байсан болохоор гадаад руу дуртай цагтаа зорчих эрх байгаагүй. Бид хоёр захидлаар харилцдаг байлаа. Намайг сургуулиа хаячихаар бид хоёрын батлуулах асуудал ч тэр чигтээ орхигдсон.

Таня минь сургуульдаа ирээч гэж гуйж, намайг мартлаа гээд л тунирхсан захидал бичдэг байв. Би амьдралаа бичээд ижийгээ орхиод явж чадахгүй нь ээ, хайрт минь чи бидэн хоёрыг хэзээ нэгэн цагт энэ орчлон учруулна гэж бичдэг ч тэр минь ойлгодоггүй байсан байх аа. Хэдэн сар захидлаар харилцаж байгаад ирэхгүй нь гэсэн үү сураг алдарсан.

Амьдрал гэгч мөнхийн хөдөлгөөн, таагдашгүй олон олон учралаар баян байдаг. Хүн ямагт тэмүүлж, сайхан бүхнийг бий болгох гэж өөрийгөө зовоож явдаг болохоор энэ орчлон мөнх үргэлжилдэг байх гэж би боддог.

Ийм л тавилан дунд ах нь амьдралын төлөө зүтгэж сайхан ханьтай учирч, гурван хөөрхөн охинтой болж, аав, ээжийнхээ олон жил нутаглаж ирсэн энэ л хөндийд хотыг нь харлуулахгүй юмсан гэж зүтгэж тэмцэж явна. Гурван охин маань бүгд л дээд сургууль төгссөн.

Юмны учрал билигдэл гэж сонин шүү. Том охин дунд сургуулиа төгсөөд МУИС-д суралцаж байгаад хоёрдугаар дамжаагаа дүүргээд Киев хотод цөмийн физикийн мэргэжлээр суралцах хуваарь авлаа.

Олон хүүхэд сонгон шалгаруулалтад орсоноос ганцаараа тэнцэж Укриан Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгээр суралцахаар болсон. Охин маань аавынхаа суралцаж байсан хотод очихоор явлаа гээд л бөөн хөөр явсан. Би ч их баярласан. Охиноо үдэхдээ миний цэнхэр нүдэн Таня Киевт байгаа болов уу гэсэн үгүйлэл хайрын гэгэлгэн дурсамжийг сэтгэлдээ тээн хоцорч билээ.

Миний охин таван жил суралцсан. Дөрөвдүгээр дамжаа төгсөх жилээ Укриан залуутай гэр бүл болохоор боллоо гэсэн. Ээж нь их дургүй байлаа. Харин би юу ч хэлээгүй. Одоогоос гучин жилийн өмнө би Киевт анхны хайртайгаа учирч Молдав бүсгүйтэй ханилах гээд чадаагүй.

Харин охин маань Киевт анхны хайрын балыг амтлан, үрийн зулай үнэрлэлээ. Хувь тавилан гэдэг сонин шүү. Манай удмаас энэ нутагт заавал нэг хүн үлдэх ёстой байсан юм байлгүй.

Охин маань хуримаа хийхээр болж хөгшин бид хоёрыг урилаа. Хань минь анхны ачаа харъя, өвгөнийхөө суралцаж байсан хотыг үзье гээд их л баяртай явсан. Миний суралцаж байсан үеийг бодвол урилга л байвал виз аваад л дуртай үедээ зорчиж болдог сайхан үе иржээ.

Хөгнөханы өврөөс холдож үзээгүй ханийгаа дагуулан, мөнхийн ногоон Киев хотод хөл тавилаа. Миний байсан үеийг бодвол Киев хот улам л өнгө зүс нэмж, их хөгжжээ. Хүргэнтэйгээ танилцан ачийгаа харан хөөрцөглөн нэг хонолоо.

Хурим гурав хоногийн дараа болно гэнэ. Маргааш нь хүргэн маань хотын захад байдаг зусландаа аав, ээжтэйгээ үдийн зоог барихыг урилаа. Ингээд бид хэд хөдлөв. Зуслан явах зам манай Нисэхийн сургуулийн хажуухан талаар өнгөрдөг юм байна.

Оюутан ахуй цагийн дурсамжийг сэдрээж, Танятайгаа хөтлөлцөөд гүйж байсан зам, бид хоёрын амьдарч байсан байр, өрөөний цонх хүртэл харагдан гучин жилийн өмнөх хайрыг минь хөглөн, анхны минь хайр энэ хотын хаана нь явдаг юм болдоо гэсэн бодол тээсээр хүргэнийхээ аав, ээжийн зуслангийн үүдэнд буулаа.

Гэтэл цэнхэр нүдэн Таня минь бага зэргийн овор суусан махлаг авгай болчихоод биднийг тосоод зогсож байв. Бид хоёр бие биенээ хараад сэтгэлээ барьж чадаагүй. Өөрийн эрхгүй нулимс асгаруулан тэврэлдэж уулзалдсан.

Манайхан, хүргэний талынхан эхэндээ учрыг нь олохгүй балмагдсан байх. Гэхдээ Таняг тайвширсны дараа гэгээн хайрын домгоо ярьж, бас гэгээн сайхан учралаа билэгдэн, худ ургийн холбоотой болсондоо хөөрч хэдэн өдөр л дэвэрсэн. Хүү, охин хоёрын маань хурим ч сайхан болсон.

Энэ цагаас хойш худ болсон Таня маань нөхөртэйгөө Хөгнөханы өвөрт жил болгон ирж амардаг боллоо. Бид хоёр ч хэд хэдэн удаа Киев орсон. Ингэж ирэх болгондоо Таня маань намайг яагаад буцаж өөр дээр нь очоогүйг бүрэн ойлгосон байх гэж боддог.

Хувь тавилан гэж сонин шүү. Таня бид хоёр энэ орчлонд бие биеэ хайрлан жаргахын хувь дутсан ч, хүү, охин хоёрынхоо хайрандаа нялхрахыг харж явах тавилантай байжээ.
Базар гуай хэсэг чимээгүй тамхи татан сууснаа:

-Хүүгээ дэмий үгээр уяад ядраачихав уу. Цаг орой болжээ. Унтаж амар. Ах нь ор засъя гээд бостол гаднаас гэрийн эзэгтэй, малын эмч хоёр “Хоёр хонь ихэрлэлээ” гэсээр баяртай орж ирэв.