Төсвийн мөнгөөр 10 жил угжуулсан барилгын “сэг”-үүд

431

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу АН-ыг засгийн эрх барьж байх үед улсын төсөвт олон жил дарамт болж, жил бүхэн төсөвт өртөг нь нэмэгддэг атлаа ахиц дэвшил гардаггүй “сэглэсэн” барилгуудын асуудлыг анхлан хөндөж байв. Тэр ч байтугай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улсын төсвийг данхайлгаж, зарлагыг нэмэгдүүлдэг “царцаасан барилга” гэсэн нэр өгч, нийт хэчнээн ийм барилга байгааг шалгах үүргийг танхимын сайдууддаа өгч байлаа.

Ерөнхий сайдаасаа үүрэг даалгавар авсан яамдын сайд, намын гишүүд нь орон нутаг руу давхицгааж, 21 аймаг, 332 суманд байгаа олон жил төсвөөс мөнгө “саасан” барилгуудтай газар дээр нь очиж танилцаж, барилгын тендерт ялсан компанийн эздийг дуудан уулзаж, яагаад барилга зогссон, жил бүр төсөвт өртөг нь нэмэгдэж буй шалтгааныг нэхэж байсан юм.

Тэр үед л жинхэнэ утгаараа барилгын тендер хэрхэн бантан болсныг, цүнх барьсан компани, түүний эзэд төрийн мөнгөөр яаж туйлж болдгийг харж билээ. Хаа байсан Хэнтий аймагт Хөвсгөл аймгийн геологи, хайгуулын “Хөвсгөл Геологи” компани барилгын тендер авчихсан жишээ ч таарсан юм. Чуулгын ганцхан барилгыг дам нуруу, дээвэр, ханаар нь салгаад компаниуд тендер авсан байж билээ.

Нэг нь ажлаа хийхгүй бол нөгөөх нь хүлээдэг, эсвэл шал дээвэр хоёроо тавьчихаад мөнгөө аваад алга болчихдог гэх мэтээр дөрвөн жил дээврийн нуруунаас өөр бүтээн байгуулалтгүй явсан хэмээн аймгийн удирдлагууд нь аргаа барчихсан ярьж байсан юм. Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрсөн ч өнөөх хаа гуяар нь салгаж орхисон Хан Хэнтий чуулгын байр 2018 оны төсөвт 1.3 тэрбум төгрөг авна хэмээн орж ирчихсэн тууж явах юм.

Гэхдээ ажил нь энэ жил дуусах аж. Үндсэндээ найман жил дуншсаар арайхийн бүтэн барилга болж сүндэрлэх гэж байна. Нөгөөтэйгүүр, Булган аймагт мөн л Хөвсгөлийн нэг компани дөрвөн суманд зэрэг сургуулийн байрны тендер авчихсан будлиан ч гарч байв.

Хүн хүч байхгүй, тэр гээд унаад очих техник, ажилчидгүй атлаа дөрвөн суманд сургууль, цэцэрлэг барина хэмээн яамнаас тендер авчихсан компанийн тухай дуулиан ч тэр үедээ олны анхаарлын төвд орсон. 2010, 2011 онуудад авсан тендерийн барилгаа дуусгаагүй ч 2013 онд дахиад гурван газар тендер авсан “Төмөр хүлэг” гэх компанид хэн ч хяналт тавиагүй байсан юм.

Энэ мэтээр 21 аймгийг тойрч царцсан барилгатай танилцсан сайд, гишүүд нар дор бүрнээ толгой сэгсэрсээр ирж, УИХ-ын чуулганаар зөвхөн царцаасан барилга, түүний хөрөнгө оруулалт, тендер авсан компанийн асуудлыг хэлэлцэж байлаа. Гэвч, Н.Алтанхуягийн Засгийн газар халаагаа өгснөөс хойш тендерийн дуулиан, царцаасан барилгын чимээ гэнэтхэн л намжсан.

Магадгүй Н.Алтанхуягийг огцруулах нэг шалтгаан ч энэ байсан биз. Засгийн газрын танхимд буй бүх яамдын сайд нь барилгын тендер өгдөг буруу жишиг манайд бий. Тиймээс сайдад хамгийн ойрхон хүн л барилгын тендерт ялдаг учраас ах, дүүгийнхээ булхайг уудлахыг хэн ч хүсэх билээ.

Нөгөөтэйгүүр, төрийн уялдаа холбоо байхгүйгээс боловсролын салбараас барилгын тендер авсан ч ажлаа дуусгаагүй “цүнхтэй компани”, эрүүл мэндийн салбараас дараа жил нь тендер авах гэх мэтээр сүлжээ бизнес шиг ажиллаж байсныг нуух юун. Ийм л дампуурал дөрвөн жил үргэлжилсээр 2018 онтой золгожээ.

Дээр хэлсэнчлэн, цүнхтэй компаниудын авсан өнөөх цуутай тендер, дутуу барьсан барилгууд 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад дурайтал ороод ирсэн байх юм. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд таваас дээш жил, хамгийн урт нь 10 жил улсын төсвөөс мөнгө авч байгаа барилгууд 100 орчим байна.

Зөвхөн улсын хэмжээнд гэхэд таваас дээш жил төсвөөс мөнгө зулгааж буй долоон том төсөл, нийслэлийн хэмжээнд 20 орчим том төсөл 2018 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад оржээ. 21 аймгийн жагсаалтыг гаргавал түүнээс ч том тоо гарна. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдах 60 ор бүхий Геронтологийн төвийн барилга, дэд бүтцийн ажил 2011 оноос хойш яригдаж, долоон жил улсын төсвөөс мөнгө авчээ.

Төсөвт өртөг нь 7.4 орчим тэрбум төгрөг бөгөөд, 2018 оны улсын төсөвт нэг тэрбумыг суулгажээ. Мөн шинээр тавих төмөр замын дагуух GPS-ийн сүлжээ байгуулах төсөлд Монгол Улс найман жилийн хугацаанд жил бүхэн мөнгө төсөвлөж ирсэн аж. 2018 оны хөрөнгө оруулалтын зардлын өсөлтийн 18.3 хувийг зөвхөн төсвийн хөрөнгөөр хийгдсэн боловч хийж дуусаагүй ажлын шилжүүлгүүд эзэлжээ.

Хамгийн эмгэнэлтэй нь орон нутгаа удирдаж суугаа дарга сумандаа ганц сургууль бариулахын тулд барилгын “цүнхтэй” захиралд бүх зүйлээ барьж сөгддөг. Орон нутагт нь бүтээн байгуулалт хийхээр яамны тендер өвөртлөөд ирчихсэн даргад ая тал засахгүй л бол ажлаа цагт нь дуусгах тухай мөрөөдөөд ч хэрэггүй.

Ажлын хариуцлага, үр дүн нэхэхэд “Би таньтай гэрээ хийгээгүй. Яамтай гэрээ хийсэн” хэмээн амыг нь таглаж орхидог. Нөгөөтэйгүүр, дарга цэрэг давхиж очоод хариуцлага нэхэхэд “Надад хамаагүй.

Яам мэднэ” гэсэн хоёрхон үгээр ам таглана. Тэгэхээр өнөөх л дөрвөн жилийн өмнө яригдаж байсан барилгын тендерийг зөвхөн Барилгын яам нь олгодог, эсвэл орон нутгийн харьяалалтай төслийг орон нутаг нь хариуцаад тендерээ өгдөг тогтолцоог бий болгох тухай сэдэв хуучраагүй хэвээр байна.

21 аймаг, 332 сум, нийслэлийн есөн дүүрэгт музейн үзмэр аятай олон жил хур тоосонд дарагдаж, “сэг” болсон ч хөрөнгө оруулалтыг жилийн жилд тэрбум, тэрбумаар нь сааж буй төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтаас тоймлон хүргэе. Дараагийн дугаарт бид орон нутгийн төсөл хөтөлбөрүүдийг нийтлэх болно.

Төсөвт өртөг нь нэмэгдэж, олон жил төсвөөс санхүүжилт авсан хөрөнгө оруулалтын жагсаалт

/Улсын хэмжээнд/

Д/д Төсөл арга хэмжээний нэр хүчин чадал Хугацаа Төсөвт өртөг 2018 онд санхүүжих
1 Цэвэр бохир усны итгэмжлэгдсэн болон зөөврийн лаборатори байгуулах 2013-2018 948.8 348.8
 

2

 

Нийслэл аймгийн төвийн орон сууцны инженерийн шугам сүлжээ 2013-2018 62.000.0 8.901.5
3 Сумын төвийн шинэчлэл төсөл /Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг 16 аймагт тус бүр нэг сум/ 2014-2018 79.954.0 3.001.0
4 Шинээр тавих төмөр замын дагуух GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000 масштабтай байр зүйн зураглал /11 аймагт/ 2011-2019 14.140.2 1.000.0
5 Багануур-Улаанбаатар-Дархан а0401-Дархан чиглэлийн авто зам 2014-2018 5.100.0 222.0
6 Томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВт-ын шугамын өргөтгөл, шинэчлэлт /улсын хэмжээнд/ 2014-2019 41.000.0 4.800.0
7 Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах” төслийн монголын талын хөрөнгө 2014-2019 20.000.0 6,465.2

 

Төсөвт өртөг нь нэмэгдэж, жил бүр улсаас татаас авч буй төслүүд

/дүүрэгт/

Д/д Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал Хугацаа Төсөвт өртөг 2018 он санхүүжих
1 Батлан хамгаалах яамны харьяа “Бага баян” ТӨҮГ-ын амралтын газрын авто замын ажлын дуусгал / Сүхбаатар дүүрэг/ 2012-2018 1,750.0 1,015.0
2 Үндэсний номын сангийн барилга / Сүхбаатар дүүрэг/ 2012-2019 12,000.0 1,000.0
Спорт заалын барилга / Чингэлтэй дүүрэг, 61 дүгээр сургууль/ 2012-2018 1,599.2 826.8
4 Спорт заалын барилга / Чингэлтэй дүүрэг, 61 дүгээр сургууль/ 2012-2018 1,599.2 826.8
5 Дүүргийн спорт цогцолбор, 1000 суудал / Чингэлтэй дүүрэг/ 2010-2019 9,019.9 1,000.0
6 Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид 2 дугаар тунгаагуур 2 ширхэг, биоцөөрөм барих / Баянгол дүүрэг/ 2013-2018 8,519.1 802.0
7 Дүүргийн спорт цогцолбор, 700 суудал /Баянгол дүүрэг/ 2014-2018 6,378.0 1,550.3
8 Яармагийн гүүр орчмын орон сууцны хорооллын бохир ус, дулаан, цахилгааны шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөв, барилга угсралтын ажил / Хан-Уул дүүрэг/ 2012-2019 21,769.0 4,000.0
9 Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрын барилга /Хан-Уул дүүрэг/ 2012-2018 6,634.9 1,174.5
10 Соёлын өвийн төвийн барилга /Хан-Уул дүүрэг/ 2012-2018 8,000.0 1,000.0
11 Нийслэлийн спорт цогцолбор, 1000 суудал / Хан-Уул дүүрэг/ 2011-2019 3,257.0 1,000.0
12 Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн барилга / Хан-Уул дүүрэг/ 2012-2018 1,351.3 425.0
13 Геронтологийн төвийн барилга, дэд бүтэц, 60 ор / Хан- Уул дүүрэг/ 2011-2019 7,392.9 1,000.0
14 Дүүргийн спорт цогцолбор, 1000 суудал / Баянзүрх дүүрэг/ 2010-2018 8,229.3 1,839.1
15 Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилга / Баянзүрх дүүрэг/ 2013-2019 20,000.0 1,700.0
16 Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл судлалын сорил шинжилгээний төв лабораторийн барилга / Сонгинохайрхан дүүрэг/ 2011-2019 3,458.6 1,412.1
17 Дүүргийн спорт цогцолбор, 700 суудал /Улаанбаатар, Налайх дүүрэг/ 2010-2020 10,397.9 1,000.0
Аврах гал унтраах ангийн барилга /Багахангай дүүрэг/ 2014-2018 1,820.9 570.9