Өрөвчхөн сэтгэлээсээ болж л өөрийгөө хорлочихов уу даа

Хүний хорвоод хүн, хүнээрээ дутна гэдэг ямар их харамсал вэ. Энэ хүмүүн чухам хэн бэ, гэдгийг тодруулбал, та биднийг орой бүр “Цэнхэр дэлгэц”-ийн чинь өмнө суулгаж, хол, ойрын сонин сайхан хийгээд хорвоо ертөнцийн эрээн барааныг хоёр чихэнд чинь сонордуулдаг байсан хосгүй их ачтаны дүр төрх алслаад багагүй хугацаа өнгөрч буйг анзаарч байгаа нь эрхбиш байгаа л байх. Өр нимгэн, өрөвчхөн сэтгэлтэй, чухамдаа цусан зүрхтэй нэгэн бол бараг төсөөлж байгаа байх аа.

Харин усан зүрхтнүүд бол улай үзсэн хон хэрээ шиг бах тав нь ханан гуаглалдаж, хүний зовлонгоор хооллож, ундаалж, элдвийг зохиомлоор бодож олон, түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сошиал гэх ертөнцөөр хайр найргүй тарааж, хийгээгүй хэргийг хийсэн мэтээр буруу ташаа мэдээлэл өгч, хуулийнханд нөлөөлж, ямар ч гэм зэмгүй хүнийг цусгүй алах нь хэнд хэрэгтэй юм бэ. Тийм ээ, энэ хүн бол зөвхөн Монголдоо төдийгүй, дэлхийд танигдсан нэртэй сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улс төрийн тоймч, гүн ухааны доктор, профессор Бизьяагийн Дашзэвэг билээ.

Түүнийг нэртэй, нөлөөтэй байхад нь даган далдаганаж, хэл усаар нь дулдуйдаж, хил хамт алхаж, тив алгасаж явсан гавьяатай, гавьяагүй цаас сараачигчид, төр, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, төгсгөж гаргасан олон арван сэтгүүлч шавь нар нь, хувь хүн гээд л цөөнгүй эрхмүүд бий сэн. Мань мэтийн өчүүхэн амьтан эхэлж дуугараад яах вэ. Ёстой нөгөө “Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй…” гэдэг нь болох биз гэж бодохын сацуу, эрхбиш тэднийг үгээ хэлж, үзгээ хурцлах болов уу, ямар хэрэг төвөг хийсэн биш, тэгсхийгээд суллагдах байх гэж хууртаж явтал байдал буруугаар эргэж, “Энэрэнгүй хууль” Б.Дашзэвэг сэтгүүлчид есөн жилийн ял оноочихлоо.

Дал хол гарсан, бас эрүүл мэндийн хувьд эмнэлэг, эмч нарын байнгын хатуу хяналтад байдаг тэр хүн, тэр хатуу дэглэмтэй газар есөн  жил байтугай ес хоногийг давах нь ч эргэлзээтэй. Харин сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин л өнгөрсөн оны аравдугаар сарын “Өнөөдөр” сонины нэгэн дугаарт эмэгтэй хүн, эх хүн, бас үүргээ ухамсарласан сэтгүүлч хүнийхээ хувьд эерэг талын нэг нийтлэл хэвлүүлснийг талархан тэмдэглэхээс аргагүй. Мөн саяхан “Өдрийн сонин”-ы 015, 016 дугаарт О.Ариунцэцэг гэдэг сэтгүүлч бүсгүй түүний дүү Б.Пүрэвтэй “Гэрчээр бус, тухайн үед огт байгаагүй хүний амаар л бүхнийг шийдчихлээ” гэсэн ярилцлага нийтлүүлснийг ч бас талархан тэмдэглэж байна.

Мэргэжил нэгт сэтгүүлчид ингэж л дуу хоолойгоо нэгтгэх ёстойсон. Дээрх гарчигаас харахад тухайн үеийн шүүгчид ажилдаа дэндүү хариуцлагагүй хандаа юу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байгаа биз. Аливаа хэрэг сар, жил тойрон, эргэн буцаж, элдүүр нь ханасан цагт л шийдэгддэг байтал эгэл жирийн, хорхойд ч гэмгүй нэгнийг ийнхүү яаран сандран шийддэгийн цаад учир юундаа бол…

Одоогоос 20 гаруй жилийн тэртээ Б.Дашзэвэг багшийг ХБНГУ дахь “Улаанбаатар” сонины тусгай сурвалжлагчаар давхар ажиллаж байхад нь бид уран бүтээлээрээ ойртон танилцсан билээ. 20 жил гэдэг бараг нэгэн жарны хагас бөгөөд, чухамдаа аливаа хүний ааш аяг, тэнхээ, тарыг таних чамгүй хугацаа билээ. Өнгөрсөн он жилүүдэд бид хааяа уулзалдахдаа, тэрбээр ажил хэрэг, уран бүтээлийн талаар л санал бодлоо солилцохоос, өөрөөр элдэв гаж буруу зүйл ярьж байсныг огт мэдэхгүй юм байна. Харин монголчуудын цаг баримталдаггүй, архинд хэтэрхий донтож байгаа зэрэг нийгмийн бусармаг явдлыг л шүүмжлэн ярьж, сүүлийн үед бичсэн шүлэг, найргаасаа уншиж, хэрхэн ямар болсноо л асууж лавладаг байв. Тэрбээр хүүхдэд дэндүү хайртайн зэрэгцээ хэтэрхий өрөвч зөөлөн сэтгэлтэй, жаахан өрөвдөм юм ярихад л хоёр нүднээс нь бөөн, бөөн нулимс бөмбөрөн унаж байдгийг нь нэг бус удаа харж байсан.

Тухайлбал, зохиолч До.Цэнджавын 2000-аад оны үед бичсэн, хонио хариулж яваад төөрсөн таван настай хүүг хоточ нохой нь өвлийн цасан шуурганаас халуун хэвлийдээ даран хэвтэн байж, амийг нь авч гарсан тухай болсон явдлыг ярихыг сонсоод учиргүй ихээр уйлж байсныг нь хараад, миний ч хамрын самсаа шархирч, дагаад л бөмбөрүүлж байсан даа. Энэ тухайгаа оюутнууддаа байнга ярьж, “Нохой хүртэл ийм ухаантай байхад хүн биднээс л даанч муухай санаа гарах юм даа” гэдэг байжээ. Мөн ээжийгээ элэгний хүнд өвчнөөр шаналж байхад нь хаа байсан “Долоон буудал”-ын хэдэн  ямаатай айлтай гэрээ хийж, өдөр бүр унадаг дугуйгаар очиж, өөрөө ямаагаа саагаад, сүүг нь ээждээ халуунаар нь уулгахын тулд яаж явснаа ч мэдэхгүй, нэг л мэдэхэд таван давхрын шатаар харайж байдагсан гэж ярихдаа мөн л хоёр нүднээс нь харууслын нулимс унадаг байв. Бид ийм л нэгэн эгэл хүнийг өршөөлгүй хууль, өрөвч сэтгэлгүй шүүгчид, өнгө мөнгөний донтонгуудаас болж, лантуугаар хайр найргүй цохиж, “Хар авдар”-т хатаах болоод байна. Энэ мэт өрөвч зөөлөн сэтгэлтэй нь холбоотой өр өмрөм олон жишээг дурьдаж болох ч уншигч олны цагийг хэмнэж, үүгээр цэглэе дээ.

Одоо, уншигч, сонсогч та биднийг үнэн зөв мэдээллээр хангахын тулд, өөрийн нөр их хөдөлмөрөөр уйгагүй сурсан орос, англи, франц, герман зэрэг гадаадын олон орны хэлнийхээ өндөр боловсролоор дэлхийн дайдад болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй бичиж, ярьж, нойр, хоолоо умартан зүтгэж явсан, явсаар ч байсан “Бичиг, бийрний хугацаагүй албаны байлдагч”, “Их соён гэгээрүүлэгч”, сэтгүүлч, яруу найрагч гэдгийнх нь хувьд хэдэн мөр тэрлэе. Тэгээд ч үүнтэй нь хэн ч маргахгүй байх аа. Өнөөдөрхөн эх орондоо байсан тэрбээр маргааш дэлхий ертөнцийн нөгөө бөөрөнд аль хэдийнэ оччихсон алхаж явдаг нь түүний хувьд ердийн үзэгдэл байлаа.

Алдарт “Бурхан буудай” уулын өврөөс балчирхан далавчаа дэлгэн хөөрсөн энэ шувуухай дэлхийг тойрон нисэх хүчит далавчаа өөрийн нөр их зүтгэлээрээ, эрдэм мэдлэгээрээ ургуулсан юм. Тэр үзэг барин, гэрэл зураг, бичлэгийн аппарат мөрөвчлөн таван тив, дөрвөн их далайг гатлан ниссэн нэртэй сэтгүүлч. Олон улсын сэтгүүлчийн хувьд тэрбээр НҮБ-ын хуралдааны их танхимаас, Сансрын хөлгийн гарааны талбайгаас, төр, засгийн тэргүүнүүдийн уулзалтын өргөөнөөс, дайн тулалдааны талбараас, Олимпийн аваргын тавцангийн дэргэдээс, НАТО-гийн Төв штабаас, Варшавын гэрээний байгууллагын хуралдаанаас радио, телевизийн шууд сурвалжлага, нэвтрүүлэг хийж, нүдний хараа, чихний сонорт үлдсэн хүн гэж бахархан хэлэхээс аргагүй нэгэн билээ. Түүний бичсэн ном, бүтээсэн кино, шүлэглэсэн дуу нь хэдэн арваар тоологдохын зэрэгцээ, хамгийн гол нь зохиосон шүлэг найраг нь зөвхөн хүмүүний сонорт бус, зүрхэнд хадгалагдан үлдэх гайхамшигт увидасыг агуулсан байдаг юм. Үүнийг доорх дууны нь шүлгээс төвөггүй анзаарч болно.

Тэгээд ч Б.Дашзэвэгийг хүмүүс сэтгүүлч гэдгээр нь л мэдэхээс, яруу найрагч гэдгийг нь төдийлөн анзаардаггүй юм билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүүтэй тэртээ наяад оны үед хийсэн:

Хүмүүн байгаль хоёр ижилсээд

Хорвоогийн амьдрал жигдрээд ирлээ

Ижилсээд алхаарай хүн ард минь

Энэ л хорвоодоо хамтдаа байя л даа

Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоодоо энэ л үнэн шүү дээ… хэмээн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан М.Бямбажавын сэтгэлд хоногштол дуулсан “Хүмүүс минь амьдрах сайхан” дууг нь мэдэхгүй, дуулаагүй хүн хэд бол. Энэ дууны шүлгийг одоо анзаарвал нэг л гунигтай ч юм шиг, “Энэ л хорвоодоо хамтдаа байя л даа…” гэж гуйсан ч юм шиг өрөвдөм шад мөр байгаа нь сэтгэл сэмэрмээр.

Гэтэл бараг хөгшин хонины насгүй болсон нэртэй сэтгүүлчээ юу ч болоогүй юм шиг үхлийн ангал руу шидэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Ямар “хүн алж, хүрээ талж”, улс орныхоо эд баялгийг ёроолгүй сав шиг гүзээлсэн биш. Энэ хүний амь нас шоронгийн чийгтэй мүглэнд эцэслэлээ гэхэд хариуцлага хүлээх хүн байх уу? гэдгийг сэтгүүлчийн хувьд асуугаад, энэхүү хэрэг гэгчийнх нь талаар өөрийн бодлыг хуваалцъя.

н.Батмөнх хэмээх, зуслангийн сахиул тэр айлтай Шадивлан зусланд олон арван жил айл байж, ядуувтар амьдралтай тэднийд харин ч өнөөх л өрөвч сэтгэлийнхээ үүднээс тус дэм болж, арав, таван цаасны тусламжийг ч харамгүй өгдөг байсан юм билээ. Тэр ч байтугай өнгөрсөн оны хавар болсон “Радио, телевизийн эфирт-50 жил” арга хэмжээнийхээ үеэр тайлан тоглолт хийж, олсон орлогоосоо мөнөөх Батмөнхийн хөл муутай хүүхдийг эмчлэхэд зориулна гэж ярьж байсан юм даа. Бодоход энэ бодлоо тэдэнд хэлсэн л байх. Харамсалтай нь, тэр тайлан тоглолт нь болж амжаагүй л дээ. Энэ мэт мөнгө, төгрөгийн хар буруу санаа байсныг үгүйсгэх аргагүй. Ер нь хүн гэдэг амьтан ямар ч үед, хүн чигээрээ л байх шиг сайхан юм байхгүй дээ.

Миний хувьд, өөрийн биеэр очиж, мөрдөн байцаагч залууд энэ хүний талаар мэдүүлэг өгч, Хорих 461 дүгээр ангид байхад нь нэг удаа эргэж очсон ч олигтой ярих боломж, нөхцөл нь хаана байх вэ. Харин түр батлан даалтад гарах хугацаандаа Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь очиж уулзсан юм…

Тэр “хар өдөр” чухам юу болсон юм бэ. Ахмадын баярын буюу аравдугаар сарын 01-ний өдөр мань хүн зуслангийнхаа байшинд түр очоод буцах гэхэд нь мөнөөх сахиул Батмөнх, худгийн моторчин нар дуудаж, “Ахмадын баяр”-аа тэмдэглэнэ гэж ганц нэг хундага татжээ. Улмаар дэлгүүр явж, нэг шил юм авчирсан бололтой. Ямар ч үед гурван хундагаас илүү татдаггүйг нь би мэднэ л дээ. Тэр үед хашаанд нь орж ирсэн үхрүүдийг нөгөөх хэл ам болсон хөл муутай охиноор хориулж, өтгөн ургасан өвсийг идүүлжээ. Энэ үеэр бороо орж, нөгөө хүүхэд бүр чичирчихсэн зогсож байхыг хараад мөнөөх л өрөвчхөн сэтгэлийнхээ үүднээс туслах гэж, хөл нь майжиг учир гутлыг нь тайлах ямар ч боломжгүй учраас гадуур өмдийг нь доошлуулж, өвдгийг нь барьж дулаацуулах санаатай байжээ.

Энэ үед охины аав Батмөнх хажууд нь байсан бөгөөд “согтуу хүн сохор ухаантай” гэгчээр, түүний тархинд хорон муу санаа төрөө биз. “Чи миний охиныг… “ гэж энээ тэрээ болж, улмаар мөнгө нэхсэн байна. Гуйсан  мөнгийг нь өгнө, өгөхгүйдээ тулсан энэ хэрүүлээс л хамаг хэрэг үүдэлтэйн зэрэгцээ, өөрөө сонсгол муу, дээр нь Батмөнх бичиг үсгийн боловсролгүй учраас, тэр оройдоо гэрт нь очоод цаасан дээр “Би буруу хэрэг хийжээ, намайг уучлаарай” гэсэн цагаахан сэтгэлийн мөр бичиж орхиод явжээ. Энэ л тавхан мөр ямар их гай зовлон дагуулах байсныг хэн төсөөлөх билээ.

Тэгээд алс холын аймагт амьдардаг охин нь юу ч мэдэхгүй байж, гэрчээр оролцож, Батмөнх өөрөө гэрчээр оролцохоос зугтсан зэрэг ойлгомжгүй байдал эцэст нь ямар ч гэмгүй нэгнийг ийнхүү хохироогоод байна. Тэр ч байтугай хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ач охиноо…” зэрэг энэ хүний нэр төрийг гутаасан элдэв цуу олныг цочирдуулж, зарим нэгэнд үзэн ядах сэтгэл хүртэл төрүүлсэн нь ямар их харамсал вэ. Чухамдаа “Хүнийг амьдаар нь ална” гэдэг нь л энэ байх.

Тэднийд ач охин гэж огт байхгүй, ач, зээ нар нь бүгд хөвгүүд байдгийг мэдэх хүн цөөнгүй дээ. Тэрбээр элдэв хараал, ерөөлийн үг огт хэлдэггүй, харин цаг ямагт “Гялайлаа” гэдэг үгийг брэнд болтлоо хэлдгийг нь мэдэхгүй хүн хэд бол. Ийм л соёлтой, боловсролтой хүний амнаас анх удаагаа “Ээ, чаабас, ээ, чаабас” гэсэн цөхөрсөн үгийг сонссон нь хамгийн том хараал нь болох байх даа. Шүүх эмнэлэг зэрэг холбогдох байгууллагуудаар шалгуулж, завдсан гэх ямар ч нотлогдох баримтгүй, нотлогдоогүй, зүв зүгээр гэж гарсан баталгааг үл ойшоон, ийм төрлийн хэргийг улс орон даяар жигшин шуугиж байсныг, мөн чихний нь сонсгол муу учраас хүмүүсийн хэрхэн юу ярьж байгааг огт сонсоогүй зэрэг бэрхшээлийг нь далимдуулан ямар ч гэм, зэмгүй нэгнийг хэлмэгдүүллээ гэж хэлэхээс өөр арга алга.

“Хүүхдүүд ээ, хавь ойр тойрныхноо гутаан доромжлуулчихаад миний амьд явна гэдэг хаашаа билээ” гээд тэрбээр:

Өнгөрсөн хойно минь

Өөнтөглөж муучлах хүн

Өдрийн од шиг цөөн шүү, хүү минь

Аав чинь арчаагүй хүн байсан гэж

Адлаж хэлэх хүн олон биш, охин минь

Магтаалын минь үргэлжлэл

Магад та нар шүү, үрс минь… гэсэн харууслын мөртийг бичсэн цагаан цаас хэзээ нэгэн цагт, хилс хэргээр таслагдсан нэртэй сэтгүүлчийн нэр, төрийг сэргээхэд үнэтэй гэрч болох байх аа. Тэгээд ч шударга шүүх, шударга шүүгчид хийгээгүй хэргийн тухайд дахин нягталж, гэмгүй иргэнээ суллана гэдэгт итгэл дүүрэн байна.

Харин тэр цагийг хүртэл тэсч байх нь л юу, юунаас чухал байна даа. Дашрамд нэгэн зүйлийг сонордуулмаар санагдлаа. Хэдхэн хоногийн өмнө дөө. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүүгийн ээжийнхээ 100 насны ойд зориулсан Шашин урлагийн дуун цэнгүүн Монгол бөхийн өргөөнд болсон юм. Тэрхүү цэнгүүнд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажав тайзнаа Б.Дашзэвэгийн шүлгээр зохиогдсон “Хүмүүс минь амьдрах сайхан” дууг нь урьд, урьдынхаасаа улам ч уянгатай, бас сэтгэл гэгэлзэм дуулахад, тэнд хуран цугларсан 3000 гаруй үзэгчийн 6000 гаруй нүд үнэндээ харууслын нулимстай байсныг би харсан.

Монголын ард түмэн Б.Дашзэвэг гэдэг хүнийг үзэн ядаагүй, харин ч хайрлан харууссаар байгааг эндээс харахад л хангалттай. Яах вэ, ганц нэг атаа жөтөөний дайсан бол байгаа л байх. Энэ нь хэнд ч байдаг асуудал.

Жаргал, зовлон хоёр ээлжилдэгийг

Замбуулин хорвоодоо үзэж амслаа

Ганцаардах бүрдээ гуниг нэмээд

Ганцын орчлонг байхгүйг мэдэрлээ

Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоодоо энэ л үнэн шүү дээ… Ямар ч гэм хийгээгүй хүн гурван сар гаруйн хугацаанд хоригдлоо, хангалттай юм биш үү? Дууны нь энэ мөр ч гэсэн хэрвээ та ухаантай л хүн юм бол нэгийг хэлээд байх шиг!!!

Энэхэн хоромд нэгэн суутны хэлсэн үг өөрийн эрхгүй санаанд орж ирлээ. Тэр хүн, “Муу хүнд бүү тусал, мэддэггүй юм. Сайн хүнийг бүү гомдоо, мартдаггүй юм” гэсэн юм билээ. Ухаант тэр хүний сургасан энэ мэргэн үг чухамдаа, Батмөнх мэтийн увайгүй нөхдийг л хэлж дээ. Эцэст нь тэмдэглэхэд, энэ хүнийг “Өрөвчхөн сэтгэл нь л өөрийг нь хорлочихлоо” гэсэн үг бодогдоод болдоггүй ээ.

МЗЭ-ийн нэрэмжит шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, МУСТА Г.Баатарнум