Эрхийнхээ өдөр дахин нүцгэн жагсана гэв

124

Өнөөдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо”-ноос “Үндэсний мэдээллийн төв”-д цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Монголын худалдаачдын холбоо”-ны таван ээж өчигдөр МАН-ын байрны үүдэнд нүцгэн жагсаал хийсэн тухай онцоллоо.

Мөн тэд “Монголын ээжүүд, эхчүүдийн төлөөлөл өчигдөр өргүй нийгмийн төлөө, үр хойчийн төлөө шаардлага тавьж нүцгэн жагсаал хийсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд Монголын худалдаачдын холбоо анхны их хурлаа Төрийн ордонд хийсэн. Тэр үедээ долоон зүйл бүхий шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн боловч хариу өгөлгүй хоёр сар боллоо. Бид долоон шаардлагынхаа хариуг нэхэж жагсаал хийсэн. Бид шаардлагынхаа хариуг эрх барьж байгаа МАН-аас шаардаж байгаа.

Бидний жагсаалыг зөвхөн ТҮЦ эрхлэгч эмэгтэйчүүд гэдэг утгаар ойлгоод байгаа нь буруу. ТҮЦ ачигдах гээд байгаа нь үнэн боловч цаана нь Монголын худалдаачдын холбооны эрх ашгийн асуудал байгаа.Төрийн өндөрлөгүүд яагаад бидний асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Худалдаачдыг яагаад орхигдуулаад байгаа юм бэ. Төр нь иргэдийнхээ эдийн засгийн баталгааг хангаж өгөхгүй байж өөрсдөө эдийн засгаа болгох гээд өөрсдөдөө ажлын байр бий болгоод сууж байгаа хүмүүсийг өвлийн тэсгим хүйтэнд хөөгөөд, бидний хэдэн ээжийг өнөөдөр аргагүй байдалд хүргэж байна. Тиймээс бид жагсаж байна.

Өнөөдөр бид өргүй нийгэмд амьдармаар байна. Бүх хүн өртэй. Төрж байгаа хүүхэд бүр өртэй төрж байна. Тиймээс өргүй нийгмийг цогцлоохын төлөө ээжүүд бид тэмцэж байна, цаашид тэмцэх ч болно. Маргааш МАН-ын удирдлагууд биднийг хүлээж авч уулзана гэсэн харуй өчигдөр өгсөн. Хэрвээ маргааш бидэнтэй уулзахгүй бол бид тавуулаа биш арвуулаа нүцгэнээр дахин жагсах болно гэдгээ албан ёсоор хэлж байна” гэсэн юм.

Мөн тэд эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу гуравдугаар сарын 08-нд “Бидэнд баярлах шалтгаан алга -3” жагсаалаа дахин хийнэ гэдгээ хэллээ.