Н.Байгалмаа: Төрийн толгойд суудаг хүмүүсийн тамга тэмдэгтэй бичиг Хятадын хил нэвтрэхэд хэрэгтэй байна

960

“Offroad Mongolia” аялал жуулчлалын компанийн гүйцэтгэх захирал Н.Байгалмаа хэмээх бүсгүй Монгол Улсыг дэлхийд сурталчлах зорилгоор тэмээ хөлөглөн аялалдаа гарсан билээ. Анх аялалд гарахдаа олон хүнтэй гарсан ч эдүгээ тэрбээр 10 гаруй тэмээтэйгээ ганцаараа аяллаа үргэлжлүүлж буй.

Тэгвэл тэрбээр БНХАУ-ын хилийн заагт дөхөөд байгаа бөгөөд тэмээтэйгээ хил давахад багагүй бэрхшээл тулгараад байгаа бололтой. Энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа ийн бичжээ.

Тэрбээр “Түрүү жил эл өдөр Эстон улсад хоёр охинтойгоо монгол гэр бариад, монгол банхартай гадаа -25 хэмд гурван өдөр зогсож, Скандинавын дөрвөн орны аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байж… Үргэлж өөрийн хүчээр энэ эх орны төлөө, хувь хүний үүргээ гүйцэтгэн зүтгэх авч чихэн дүлий, нүдэн сохор мэт төр засгийн байгууллагууд үл тоох…

Өнөөдөр хийж буй тэмээн жингийн аялал дан ганц Монгол биш, монгол туургатны аялал, энэ цагийн шинэ түүх… Гэвч харьяат улсын Аялал жуулчлал, соёл, гадаад харилцааны яамд таг хэвээр… Би хэнд ч ямар нэг юмыг батлах гэсэнгүй… Гэхдээ идэр есийн хүйтнийг ажрахгүй давж, зүтгэсээр хил дөхөөд байна. Би Монгол Улсын нэрийг өндөрт өргөөд түүхээ, өв соёлоо тээгээд хувийн амьдралаа дэнчин тавиад гарсан. Энэ бол дэлхийн аялал болсон. Дэлхийн сонорт аль хэдийнэ хүрсэн.

Яг одоо л энэ улсын, төрийн толгойд суудаг тамга тэмдэг эзэмшдэг хүмүүсийн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй бичиг Хятад улсын хилээр нэвтрэхэд хэрэгтэй байна… Нэг хүн Солонгос гарах гэж хэчнээн юм болдог билээ. Гэтэл 10 тэмээтэй хил нэвтрэхийн тулд нэлээд хэдэн байгууллагаас дэм хэрэгтэй байна… Очиж уулзаад хаалга сахин хэдэн цаг суулаа.

Би хэнээс ч мөнгө гуйсангүй, гуйх ч үгүй. Харин энэ цагт Монгол нэрэн доор амьдардаг хүн бүрийн төлөөлөл болж, өвгөдийн замаар урагш тэмүүлж яваа жирийн нэг эмэгтэй. 10 тэмээгээ өдөр бүр хооллож, өглөө бүр эртлэн босч ажиллаж, тэнгийн дээс татаж хичээн зүтгэсээр хил дөхлөө. Би үргэлж хөдөлмөрлөж зүтгэсээр ирсэн… Цаашдаа ч зүтгэсээр байх болно. Намайг ирэхэд наадам хийхээр төлөвлөн баярлаж суугаа Шинжааны монголчууддаа хэлэхэд би удахгүй очих болно оо. Хамаг монголчууддаа эрүүл энхийг хүсье” хэмээн бичжээ.