250 тэрбумын өрөө Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар төлөх ёстой

27

“Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талд байсан 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох асуудлыг Лондоны Арбитрын шүүх хянан хэлэлцэж Монголын талд 51 сая ам.доллар, шүүхийн зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд 44 сая, нийт 95 сая ам.долларын төлбөр тавьсан асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол үүслээ гэх мэдээлэл гарсан ч тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн “Хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй” гэсэн мэдэгдэл хийв. Мөн энэ талаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар өөр өөр байр суурь илэрхийлж, С.Эрдэнэ гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьсан гээд асуудал жинхэнэ утгаараа дуулиан дэгдээж эхэллээ. Нөгөөтэйгүүр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 2016 оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” компаниас “Монголын зэс” корпораци өөрөө хөрөнгөө босгон худалдаж авсан ч төр хууль бусаар мөнгө босгож авсан хэмээн буруутгаж, 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж байв. Бүтэн нэг жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгийг хууль бусаар авсан гэх маргаан үүсч, Улсын дээд шүүхээс хувийн хэвшлийн талд шийдвэр гаргасан. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар дахин 49 хувийг төрийн мэдэлд авч, бүр ард түмэнд өмчлүүлэхээ мэдэгдэв. Мөн л хувийн хэвшлийн зүгээс энэ асуудлаар Олон улсын шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа билээ. Ийнхүү Монголчуудыг хэдэн арван жил тэжээж, улстөрчдийн “саалийн үнээ”, шахааны бизнесийнх нь бай болж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Өмнөд Африкийн “Стандарт” банкинд шилжих, харин 49 хувь нь хэдэн жилээр шүүхийн шат дамжих нөхцөл байдал бий болчихоод байна. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэх “Жаст”-ын Ш.Батхүүг шүүхийн шийдвэрээр шалгаж байсан ч биеийн байдал нь муу хэмээн 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргаж, 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Өршөөлийн хуулиар суллаж байлаа. Мөн зээл авахад баталгаа гаргасан 2009 онд ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “УБТЗ” ХНН-ийн дарга Т.Очирхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, Ерөнхий сайд С.Баяр нар ч асуудлаас мултарч, зарим нь Элчин сайд, Цэцийн гишүүн болон мандаж, нөгөө хоёр нь хэл чимээгүйхэн амьдарч явна. Есөн жил маргаан дагуулж буй энэхүү хэргийн эздийн тухайн үед юу хэлж ярьсан, өдгөө юу хийж явааг “Баримт тайлбар” буландаа онцоллоо.

Хэрэг ингэж эхлэв

2007-2009 онд тухайн үеийн МАХН /МАН/-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, УБТЗ ХНН-ийн дарга Т.Очирхүү нар “Жаст” группын захирал Ш.Батхүүд батлан даалт гарган өгч, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлжээ. Тэрбээр, мөнгөө хуваарийн дагуу төлж байсан ч 2013 оноос эхлэн бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, хуваарийн дагуу мөнгөө төлж чадаагүй аж. Ингэснээр асуудал үүсч, “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэрт 140 сая ам.долларын зээлээ төл хэмээн албан бичиг илгээж, хандсанаар дуулиан анх олон нийтэд ил болсон юм. Гурван жил үргэлжилсэн маргаан Арбитрын шүүх рүү очиж, 2016 оны есдүгээр сард Лондоны Арбитрын шүүх шийдвэр гаргахдаа “УБТЗ” болон “Эрдэнэт” үйлдвэрээс 140 сая ам.долларыг нэхэмжилж, Төрийн өмчийн хоёр том компанийн удирдлагууд батлан даалт гаргасан учраас зээлийг Засгийн газар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаж байлаа. Гэвч, манай улс энэ шийдвэрийн эсрэг давж заалдсан ч 51 сая ам.долларын өрөнд орж, мөн бусад зардал нь нэмэгдсэнээр нийт 95 сая ам.долларын өр төлөх шийдвэр гаргажээ.

Хуурамч гарын үсэг жинхэнэ болсон түүх

“Эрдэнэт” үйлдвэр болон “УБТЗ”-ыг барьцаанд тавихад баталгаа болгож гарын үсэг зурсан гэх дуулианы дараа Ч.Ганзориг, С.Баяр, Т.Очирхүү, Д.Сугар нар бүгд л арьсаа хамгаалсан мэдэгдэл хийж байлаа. Тухайлбал, Ш.Батхүү бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, “Стандарт” банкнаас зээл авахад Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан хэмээн мэдээлэл хийж байв. Харин эдгээр гурван хүн “Бид гарын үсэг зураагүй. Бидний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна” гэсэн мэдүүлгийг хууль хяналтын байгууллагад өгч байжээ. Харин Ш.Батхүү 2015 онд хэвлэлээр хийсэн мэдэгдлээсээ буцаж, “Би тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” хэмээн мэдүүлэг өгч, Өршөөлийн хуульд хамрагдан хэргийг хааж байлаа. Монголын хууль “энэ гурван хүн хэлмэгджээ” гэсэн шийдвэр гаргаж, хуурамчаар үйлдсэн этгээд биеийн байдал муу учраас ялаас өршөөв хэмээн хэргийг нам дарж орхисон. Гэвч, Монголын шүүхийн шийдвэр ямар ч үндэслэлгүй байсныг Арбитрын шүүх нотолж, цагаан цаасан дээр зурсан гарын үсэг, тамга тэмдэг нь бүгд жинхэнэ гэдгийг нотолсон нь жинхэнэ утгаараа дуулиан боллоо. Арбитрын шүүхийн шийдвэрийг мянга түм эсэргүүцэх гээд ч нэмэргүй болсон гэсэн үг. Шууд болон шууд бус утгаараа тэд Монгол Улсын өмчийг гадны компанид барьцаанд тавьж, их хэмжээний мөнгө идсэн уусан нь тодорхой болов. Тиймдээ ч 99 сая ам.долларыг Ш.Батхүү ганцаараа төлөх ёсгүй юм.

Хэргийн эзэд хаана явна вэ

Удирдаж байсан хоёр том компаниасаа батлан даалт гаргаж гарын үсэг зурсан Т.Очирхүү, Ч.Ганзориг, Монгол Улсын Засгийн газрыг тухайн үед удирдаж байсан С.Баяр, Төрийн өмчийн хороог даргалж байсан Д.Сугар, төрийн томчуудыг ашиглаж хувьдаа хөрөнгө босгосон Ш.Батхүү нар олон сэжмээр холбогддог. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж С.Баярыг Их Британийн Нэгдсэн вант улсад Элчин сайдаар томилогдох үеэр найздаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавихад тусалсан эсэхийг тодруулсан юм. Тэр үед С.Баяр “Мөнгө зээл авсан асуудалд би Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, найз нөхөддөө тусалсан бол хууль хяналтын байгууллага шалгаад хатуу хариуцлага тооцох ёстой. Ерөнхий сайд байхдаа дараа нь ч ямар нэг сэмжээр холбогдоогүй гэдгийг танд болон чуулганы танхимд хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээгээд Элчин сайдын үнэмлэхээ өвөртлөөд танхимаас гарч байв. Харин “УБТЗ” ХНН-ийн өмнөөс баталгаа гаргасан Т.Очирхүү хэрэг явдлаас хойш ажин түжин байсан ч ойрын үед Төрийн ордонд өдөр өнжихгүй л үзэгдэх болсныг эх сурвалж дуулгав. Харин төрсөн хүүгээ улс төрд сойчихоод ажин түжин сууж буй “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн тухайд өнгөрсөн онд Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчөөр өрсөлдөхөөр нэр нь яригдсан ч өнөөх л “Эрдэнэт”-ийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан гэх асуудал яригдаж чимээ алдарч байлаа. Төрийн өмчийн хороог даргалж байсан Д.Сугар өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж яваа юм. Өршөөлийн хуулиар суллагдсанаас хойш ажин түжин буй Ш.Батхүүгийн тухайд эрүүл мэндийн байдалдаа анхаарч явна.

Ш.Батхүү байдгаа барж, Д.Сугарын үнэт эдлэлийн мөнгөн дүн нэмэгджээ

“Эрдэнэт” үйлдвэрийн талыг хувааж хүртчихсэн атлаа хууль хяналтын байгууллагад шалгуулаагүй, “энхийн цагаан тагтаа” аятай явж буй эдгээр хүмүүсийн хөрөнгө чинээ хэдэн тэрбумаар тоологддог. Хамгийн сүүлд тэд Хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөсөн тухай мэдээлэл хайсан ч олдсонгүй. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар 2016 онд ХОМ-ээ өгчээ. Түүний хувьд нийт орлогоо 91103.72 төгрөг хэмээн мэдүүлсэн бол, орон сууц нь 2012 оны мэдүүлгээс нэгээр буурчээ. Харин “Лексус-570”, “Ниссан Мурано” гэх хоёр машин, дөрвөн адуутай хэмээн дөрвөн жил мэдүүлгээ бөглөсөн аж. Үнэт эдлэлийнх нь мөнгөн дүн дөрвөн жилийн хугацаанд огцом нэмэгдэж 20000.00 сая төгрөгөөс 180000.00 сая болтол өссөн байна. Д.Сугар “Ай Даблю Эн” ХК-ийн хувьцаа эзэмшигч байсан ч 2016 онд хөрөнгөө мэдүүлэх үедээ нэг ч компанийн нэр дурьдаагүй орхижээ. Харин Ш.Батхүүгийн тухайд онцлох хөрөнгө мөнгө одоогоор байхгүй. Цагтаа тэр тэргүүн баячуудын нэг байлаа. “Хадгаламж банк”, “Монгол шуудан” банк, “Жаст Ойл”, “Олон овоот”, “Жаст агро” зэрэг банк санхүү, алт, шуудан, хүнс, нефтийн зах зээлд тэр гар бие оролцож байв. Гэвч, “Олон овоот”-оос 25 тонн алт олборлох шуналаасаа болж бүх бизнесээ дампууруулж, “Эрдэнэт”-ийг барьцаалж авсан зээлээ ч төлж чадахгүйд хүрсэн түүхтэй. Тэрбээр “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгээд бизнесмен биш энгийн иргэн болсон. Харин Ч.Ганзориг нутгийнхаа “Бумбат” уулыг эдлэн газраа болгож, Араб, Англиас авчирсан 300 гаруй хурдан удмын морьдоо тэнд асардаг тухай мэдээлэл бий. Тэрбээр, төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа ч хувийн хөрөнгөө нууцалдаг, хамгийн нууцлаг нэгэн байлаа. Төрийн өндөр албан тушаал бүрт Н.Энхбаяр, С.Баяр гэх мэт лидер байсан улстөрчдийн дэмжлэгээр очиж байсан тэдний тавьсан өр, зуурсан бантанг Монгол Улс арилгах учиргүй юм. Тиймдээ ч эдгээр хүмүүсийг олж 250 тэрбумынх нь өрийг төлүүлэх нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийх ёстой том ажлын нэг болж байна.