Таван жилд 74 хувийн уналт буюу төгрөгийн ханшийн нэн шинэ үеийн түүх

32

2013-2017 оны бодлогын анализ

Төгрөгийн ханш сүүлийн хэдэн сар ам.долларын эсрэг тогтвортой чангарч байгаа ч 2013 оны эхэнд нэг ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1.392.43 байснаас хойш таван жилийн хугацаанд 74 хувиар суларч 2017 оны эцэст нэг ам.доллар 2.427.13 төгрөг болжээ. Төгрөгийн ханшийн уналтыг дагаад ам.доллараар худалдаж авдаг бүхний үнэ 74 хувиар өссөн гэсэн үг. Мөн ам.доллараар зээл авсан байгууллагууд том эрсдэлд оров. Төлбөрийн чадваргүй болов. Үүнийг дагасан нийгмийн бухимдал ч нэмэгдэв. Манай улс ханшийг хүчээр барьдаггүй ч шаардлагатай үед арга хэмжээ авах “удирдлагатай хөвөгч дэглэм”-тэй улс. Өөрөөр хэлбэл Монголбанк ханшийн савлагааны үед зах руу хямд үнэтэй ам.доллар нийлүүлж арга хэмжээ авдаг. Гэхдээ энэ бүрт гадаад валютын нөөц дундарч, улсын санхүүгийн байдал хүндэрч байдаг билээ. Ийм учраас төв банк зогсоо зайгүй интервенц хийж байх нь сайн бодлого биш юм. Ханш гэдэг бол эдийн засгийн бодлого, шийдвэртэй нэн чухал холбоотой зүйл. Өнгөрсөн хугацаанд үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш суларсан шалтгааныг олохын тулд энэ хугацаанд гарсан бодлогын шийдвэрүүдийг эргэн харах зайлшгүй шаардлагатай. Ингээд 2013-2017 оныг хүртэлх бодлогын шийдвэрүүд төгрөгийн ханшид хэрхэн нөлөөлснийг тоймлон хүргэе.

ОГНОО Төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлт ШАЛТГААН
1 2013/06/01-2013/09/01 +180.57төг • Монголбанкнаас Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр болон бусад үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг 2013 оны 6 сараас эхэлж хэрэгжүүлсэн бөгөөд 2013/5-2013/8 сард М2 мөнгөний нийлүүлэлт 500 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ үед төлбөрийн тэнцэл 680 сая ам.долларын алдагдалтай байсан гадаад эдийн засгийн орчин таагүй энэ үед мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн нь төгрөгийн ханшийг сулруулах гол хүчин зүйл болсон.
2 2013/09/01-2015/04/01 +360.65төг • Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас шалтгаалан 2013/9-2015/3 сарын хугацаанд төлбөрийн тэнцэл 1,190 сая ам.долларын алдагдалтай байсан бөгөөд энэ үед М2 мөнгөний нийлүүлэлт 1,496 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээр төгрөгийн ханш суларсан.
• Ханшийн сулрах дарамтыг Монголбанк валютын захад гадаад валютын нөөцөөсөө интервенц хийх замаар бууруулах гэж оролдсон боловч 2013 оны 8 сард 2,725 сая ам.доллар байсан Монголбанкны гадаад валютын нөөц 2015 оны 3 сард 1,324 сая ам.доллар болж буурсан.
3 2015/04/01-2016/06/24 -44.29төг • Мөн Төв банкнаас валютын захад интервенц хийснээр гадаад валютын нөөц буурсан тул Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлээс бонд, зээл хэлбэрээр гадаад валютын эх үүсвэр татсан. (Кредит свисс банкны 250 сая ам.долларын зээл, 500 сая ам.долларын Мазаалай бонд).
• Уг эх үүсвэрийг дотоодын зах зээлд худалдсанаар энэ хугацаанд зах зээлд валютын илүүдэл нийлүүлэлт бий болж, төгрөгийн ханш чангарах болсон. Гэвч энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байсан бөгөөд төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байсан. Зах зээлд хэт их интервенц хийсний улмаас 2016/6 сарын байдлаар гадаад валютын цэвэр албан нөөц -393 сая ам.долларт хүрсэн.
• Өөрөөр хэлбэл энэ хугацаанд төв банкнаас төгрөгийн ханшинд хэт оролцсоноор зах зээлд ханш тэнцвэрт түвшнээсээ зөрүүтэй тогтох болсон.
• Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, түүхий эдийн дэлхийн зах зээл дэх үнэ буурч, төлбөрийн тэнцэл алдагдалтай байсан, гадаад валютын нөөц буурсан зэрэг эдийн засгийн суурь хүчин зүйлс тааруу байхад төгрөгийн ханш хэт чанга тогтож байгаа тул ханш эргээд суларна гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байсан.
4 2016/06/24-2016/08/18 +326.52төг • Урт хугацаанд төгрөгийн ханш тэнцвэрт түвшнээсээ зөрүүтэй тогтож байсан бөгөөд цаашид валютын захад төв банкнаас интервенц хийх боломжгүй болсон бөгөөд Монголбанк захад интервенц хийхээ зогсоосон тул төгрөгийн ханшид тохиргоо хийгдэж төгрөгийн ханш огцом сулрах болсон.
5 2016/08/18-2017/01/01 +224.15төг • Төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж, огцом суларч буй төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор 2016/8/18-нд Төв банкнаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15%-д хүргэх шийдвэр гаргасан. Ингэснээр төгрөгийн өгөөж нэмэгдэж, огцом суларч байсан төгрөгийн ханш тогтворжих нөхцөл бүрдсэн ч 2017, 2018 онд төлөгдөх бондын төлбөр тодорхойгүй, Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлт муудаж, зээлжих зэрэглэл буурсан нь төгрөгийн ханш үргэлжлэн сулрахад нөлөөлсөн.
6 2017/01/01-2017/07/01 -137.16төг • 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОУВС-гийн техникийн баг 5.5 тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарласан;
• Тус оны 3 дугаар сарын 21-ний өдөр 150 ам.доллартай тэнцэж байсан коксжих нүүрсний үнэ 4 дүгээр сарын 13 гэхэд 314 ам.долларт хүрсэн, улмаар 2017 оны 3, 4 дүгээр сард төлбөрийн тэнцэл 68-87 сая ам.долларын ашигтай гарсан;
• 2017 оны 3 дугаар сард төлөгдөх хуваарьтай байсан Хөгжлийн банкны Евро бондын төлбөрийг Хуралдай бондоор төлөхөөр болсон. Улмаар Монгол Улсын санхүүгийн төлөв байдлыг олон улс эерэгээр харж, хөрөнгө оруулагчдын хүлээлт өөрчлөгдсөн. (2017 оны 3 дугаар сарын 9-нд Хуралдай бондыг арилжаалсан);
• 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталж эхний санхүүжилтийг олгосон зэрэг нь төгрөгийн ханш чангарахад нөлөөлсөн.
7 2017/07/01-2017/09/19 +115.98төг • 2017 оны 6-9 сард М2 мөнгөний нийлүүлэлт 1,760 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны 6-9 сарын мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөөс 862 тэрбум буюу 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү нэмэгдсэнээр төгрөгийн ханш суларсан.
8 2017/09/20-с хойш -45.95төг • 2018 оны 1 дүгээр сард төлөгдөх байсан Чингис бондын төлбөрийг шийдвэрлэх зорилгоор 800 сая ам.долларын дүн бүхий Гэрэгэ бондыг олон улсын зах зээлд арилжаалж, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төлбөр тооцоог гүйцэтгэсэн.
• Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон улсаас 2017 оны 11, 12 дугаар сард нийт 822 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг МУЗГ-т олгосон.

 

2013 он гарсаар тус оны зургадугаар сар хүртэлх хугацаанд Монголбанкнаас зарладаг төгрөгийн ам.доллартай харьцах ханш хамгийн ихдээ өдөрт таван төгрөгөөр суларч байсан. Харин 2013 оны 6-9 дүгээр сарын хооронд хурдтай сулрах болсон бөгөөд өдөрт 20 хүртэлх төгрөгт хүрсэн юм. Энэ нь тухайн үед Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зах зээлд нийлүүлсэн төгрөгөөс шалтгаалсан гэж үзэж болно.Гадаад зах зээлийн орчин таагүй, төлбөрийн тэнцэл алдагдалтай үед төгрөгийн нийлүүлэлтийг ийнхүү нэмэгдүүлсэн нь төг­рөгийн ханш сулрах, төв банкны валютын нөөц буурах шалтгаан болж байв. Илүүдэл төгрөгийн нийлүүлэлт зах зээлд бий болж, энэ нь импортын барааны эрэлтийг нэмэгдүүлснээр валютын эрэлт бий болж төгрөгийн ханш суларч байсан энэ үед төв банкнаас валютын нөөцөөсөө зах зээлд нийлүүлж төгрөгийн ханш сулрах хурдыг сааруулах оролдлого хийж ирсэн. Тухайлбал, Мон­голбанкны тайлангаас үзвэл 2013-2015 онд цэвэр дүнгээр нийт долоон тэрбум орчим ам.дол­ларыг төв банкнаас валютын захад нийлүүлсэн байна. Энэ нь төв банкны тайлбарлаж байсан шиг зүгээр огцом хэлбэлзлийг бууруулах тө­дий зүйл биш бөгөөд төв банкнаас хүчээр ва­лютын захад нөлөөлж байсныг харуулдаг. Гадаад болон дотоодын судлаачдын судалгааны үр дүнгээс үзвэл валютын захад төв банкнаас ингэж хэт их оролцсоноор төв банкны валютын нөөц шавхагдаж, ханшид нөлөөлөх боломж барагдсан тэр үед валютын ханшид огцом тохиргоо хийгддэг болохыг онцолсон байдаг. Ийм тохиолдол 2015 оны наймдугаар сараас эхлэн Казакстан улсад гарсан байдаг. 2015 оны наймдугаар сарын 18-нд нэг ам.доллар 188 тэнгэтэй тэнцэж байсан бол 2016 оны нэгдүгээр сард 385 болж 6 сарын дотор тэнгийн ханш хоёр дахин унасан байна. Энэ нь мөн л Казакстан улс валютын ханшаа хүчээр барьж, тэнгийн ханш зах зээлийн тэнцвэрт түвшнээс ялгаатай тогтож байсан бөгөөд Төв банкнаас ханшаа тогтмол барих боломжгүй болох үед ханшид огцом тохиргоо хийгдсэн тохиолдол юм. Энэ явдал Монголд нэг жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сард давтагдсан дүр зураг харагдаж байна. Төв банк валютын нөөцөө шавхагдах хүртэл зах зээлд интервенц хийсний үр дүнд 2015 оны дөрөвдүгээр сараас дараа оны зургадугаар сарын 24 хүртэлх хугацаанд төгрөгийн ханш 44 төгрөгөөр чангарсан боловч 8 дугаар сарын 18 хүртэл эргээд 326 төгрөгөөр суларч улмаар төв банк бодлогын хүүгээ өмнө нь байгаагүй өндөр хувиар буюу 4.5 нэгж хувиар өсгөж байж төгрөгийн ханш сулрах хурдыг сааруулсан билээ. Цаашлаад 2017 эхэнд нүүрсний үнэ өссөн, Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсноор донор байгууллагууд болон бусад улс орны засгийн газраас хөнгөлөлттэй эх үүсвэрүүд Монгол Улсад орж төгрөгийн ханш чангарах болсон. Үүнээс олон нийт төв банкнаас төгрөгийн ханшийг тогтмол барь гэж шаардах бус ханш эдийн засгийн суурь хүчин зүйлстэйгээ нийцтэй тогтож байгаа эсэхийг лавлаж, өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх талаар ямар ажил хийж буйг нь лавлаж байх нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрч болохоор байна. Нөгөө талаас Засгийн газраас төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд ихээхэн хүч, ухаан зарцуулах шаардлага бий. Учир нь ханш гэдэг эрэлт, нийлүүлэлт дээр тогтож буй зах зээлийн үнэ учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байж ам.долларын үнийг “аргамжиж” чадна. Ховор зүйл үнэтэй байдаг шиг ам.доллар хомсдуулах “муу” шийдвэр гаргах бүрийн төлөөсийг ард түмэн төлдөг гэдгийг ойлговол зохистой.