ОУВС-гаар айлгаж хүүхдийн мөнгийг хумсалжээ

87

Манай орон ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад есөн сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд ОУВС гэх “ахтай” болж, олон дарамт шахалтыг ядуу ард түмэн үүрч гарч ирсэн. Тухайлбал, долоон төрлийн татвар нэмэгдэж, иргэдийнхээ халаасыг тэмтэрсээр өдий хүрлээ. Шинэ оны босго алхаад удаагүй байхад тус сангийн мэргэжилтнүүдийн баг ирж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөртөө дүн тавив. Энэ оны нэгдүгээр сарын 24-өөс хоёрдугаар сарын 6-ны хооронд ажилласан ОУВС-гийн мэргэжилтнүүдийн багийн ахлагч Жэфф Готтлийб, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хөтөлбөрийн гурав дахь шатны хэлэлцээрийн үр дүнгийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжсон, эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давлаа. Мөн 370 тэрбум төгрөгийн хугацаа нь дуусаагүй үнэт цаасыг эргүүлэн худалдаж авсан нь их хэмжээний өндөр хүүний төлбөрийг зогсоож чадсан. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт” хамрагдсанаар үр дүнгээ өгч байна. Үүр цайж эхэллээ. Зээлжих зэрэглэл нэг шатаар ахилаа. Энэ сайн үзүүлэлтүүдийг тогтмол авч явах ёстой. Хүн амын орлогын албан татварыг эргүүлэн нэг шатлалтай болгосон. Энэ төрлийн татварын нэмэгдэл нь нийгэмд сөрөг үр дагавар авчирч, аж ахуйн нэгжүүд цалингаа нэмэхгүй, ажиллагсаддаа урамшуулал хэлбэрээр мөнгө олгоод, хоёр бүртгэлтэй болох гээд байсан. Инфляцийн төвшинтэй уялдуулан төсвийн байгууллагын ажиллагсадын цалинг нэмнэ.

Цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэлээ. Засгийн газар өнгөрсөн хавар “Эдийн засаг” сөхөрлөө. ОУВС-гийн хөтөлбөрт л хамрагдахгүйгээр цааш алхах ямар ч аргагүй боллоо” гэж “уйлагнаж” байж хамрагдсан. Энэ цагаас хойш долоон төрлийн татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг хассан гээд олон үйл явдлын дарамтаар “бэлэг” барьсан билээ. Энэ бүхний бурууг ОУВС-д чихэж, Засгийн газар дандаа уснаас цэвэрхэн гарч байлаа. Гэтэл өчигдөр Сангийн яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд дүн тавихаар ирсэн ОУВС-гийн мэргэжилтнүүдийн багийн ахлагч Жэфф Готтлийб “Хөтөлбөр бол танай Засгийн газрын хөтөлбөр. ОУВС-гийн бодлоготой нийцэж байгаа учраас дэмжиж байгаа юм. Эцсийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаж байгаа” гэв. Тэгэхээр хүүхдээ хадны мангаагаар айлгадаг шиг манай Засгийн газар ард түмнээ ОУВС-гаар айлгаж байгаад хүүхдийн мөнгийг нь хумсалж, иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн бололтой.

“Та манай улсын Сангийн сайд байсан бол ийм хөтөлбөрт хамрагдах уу. Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь өгөхөөр тохирсон бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад ОУВС-гийн мэргэжилтнүүдийн багийн ахлагч Жэфф Готтлийб “Би дэлхийн олон оронд ажилласан. Зарим улс орны эдийн засгийн асуудлыг ойлгоход их хүндрэлтэй байдаг. Монголын хувьд жижигхэн эдийн засагтай учраас шийдэл амархан. Макро эдийн засгаа тогтвортой байлгаж хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгөний асуудлыг ярилцаагүй” гэлээ. ОУВС гэдэг байгууллага бол бидний ойлгодог шиг аймшигтай “хар мангас” биш ажээ. Харин манай Засгийн газрын баталсан Өргөтгөсөн санхүүжилтын төслийг нь дэмжиж, 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон юм байна. Хүүхдийн мөнгийг хэнд өгөх, татвар нэмэх, хасах нь Засгийн газрын шийдвэр байсан гэдгийг ОУВС нотолж, иргэдээрээ тоглодог эрх баригчдыг илчиллээ. Муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг юм бүхнийг ОУВС-д үүрүүлээд байсан нь эндүүрэл аж.