Биткойны ханш огцом унаж, 6000 ам.доллар боллоо

6

Дэлхийд томоохон банкууд зээлийн картаар криптовалют буюу цахим валютыг худалдан авахыг хориглосонтой холбоотойгоор биткойны ханш огцом унаж эхэллээ. “Спутник” агентлагийн мэдээлснээр, “Lloyds”,“Virgin Money”, “J.P. Morgan Chase”, “Bank of America”, “Citigroup” зэрэг дэлхийн банк санхүүгийн томоохон байгууллагууд зээлийн картаар криптовалютууд худалдан авахыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хориглож эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор “Bitfinex” болон “Coindesk” зэрэг арилжааны биржүүдэд биткойны ханш унаж, манай цагаар өчигдөр 15:00 цагийн үед 6089 ам.доллар болж огцом унажээ.
Америкийн тэрбумтан Уоррен Баффет саяхан мэдэгдэл хийхдээ “Биткойны ханшийн тэсрэлт удахгүй төгсгөл болно” гэж анхааруулсан юм.
Өнгөрсөн онд 20 мянган ам.долларт дөхөж байсан биткойны ханш өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш унаж эхэлсэн юм. Үүнийг Хятадын эрх баригчид “биткойн” олборлохыг хориглох гэж байна гэсэн мэдээлэл гарсантай холбоотой гэж ажиглагчдын зарим нь үзэж байв. Хятад нь “биткойн” олборлолтоор дэлхийд тэргүүлж буй улс орнуудын нэг билээ. Биткойн нь 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралын дараа гарч ирсэн, хамгийн өргөн дэлгэрсэн криптовалютуудын нэг. Энэ цахим төлбөрийн хэрэгсэл нь хүмүүст бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрийг уламжлалт төлбөр төлөх систем болон банкинд хандалгүйгээр төлөх боломжийг олгодог юм.