Д.Хаянхярваа: Гишүүнийг эргүүлэн татах хүртэл заалт оруулсан

52

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. УИХ-ын гишүүд байнгын хороо болон чуулганы хуралдаанд суудаггүй. Санал хураалтын үйл ажиллагаа дэгийг дагуу явагддаггүй гэсэн шүүмжлэл их гарч байгаа.

Тиймээс УИХ-ын гишүүдийн чуулганд оролцох сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, “Дэгийн тухай хуулийг судалсны үндсэнд хариуцлагын механизмыг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ. Одоо мөрдөж байгаа хуульд “сануулна”, “үг хэлэх эрхийг нь хасна” гэсэн ерөнхий заалтууд байдаг. Эдгээрийг илүү тодорхой тохиолдолд үг хэлэх, асуулт асуух эрхийг нь гурав хүртэлх цагаар хасах, цалингийн тодорхой хувиар торгох гэх мэт заалтууд орууллаа.

Цаашилбал, нэг чуулганы хугацаанд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах хүртэл заалт оруулсан” хэмээлээ.