Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

207

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 13-аас иргэдтэйгээ уулзаж буй билээ. Ерөнхийлөгч одоогоор долоон дүүрэг, долоон аймгийн нийт 14 мянга гаруй иргэдтэй уулзаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр Улаанбаатар хотоос 370 гаруй километрийн зайд орших Орхон аймгийн иргэдтэй уулзахаар хүлгийн жолооо залсан юм. Хэдийгээр цасаар шуурч, зам хальтиргаа гулгаатай байсан ч уулзах ёстой товлосон цагтаа Орхон аймаг буюу Эрдэнэт хотод ирлээ. “Уурхайчин” соёлын ордонд хөл тавих зайгүй, орхончууд улсынхаа Ерөнхийлөгчтэй уулзахаар хуран цуглажээ. Соёлын ордны үүдэнд Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд бэлэн жагсч, нутгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авсан юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн иргэдтэй хийж буй уулзалт эхэллээ.

Энэ өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хаалтын ажиллагаанд үг хэлсэн бөгөөд дүүрэг, орон нутгийн иргэдтэй уулзах үеэр гарсан санал шүүмжлэлийг тойргийнх нь гишүүдэд болон Засгийн газрын сайд нарт уламжилснаа орхончуудад дуулгасан юм. Тэрбээр “Замын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч та бүхэнтэй уулзах товлосон цагтаа амжиж ирлээ. Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы хаалтын ажиллагаанд оролцож, иргэд та бүхний санал санаачилгыг тойргийн гишүүд болон сайд нарт уламжилллаа. “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна” хэмээн ард түмнийхээ өмнө амласан ёсоор та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна” гэлээ.

Уулзалт ийнхүү эхэлсэн юм. Эрдэнэтчүүд “саалийн үнээ” болсон Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэж байгаа талаар болон цалин тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн нас, шүүх, хууль хяналтын байгууллагын асуудал, ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар болон УИХ, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал шүүмжлэл хэлж байв.

Иргэд “Энэ төр ажлаа хийж чадахгүй байна. Өөрчлөх цаг болсон. Ажлаа хийх ёстой 76 гишүүний арав гаруйхан нь хууль батлаад сууж байна. Ингэж ажиллаж байгаа парламентын засаглалыг буулгаад Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй байна. Хоёр нам ард түмний тархийг угаагаад сурчихсан байна. Үүнийг зогсоож өгөөч”, “Улс эх орон маань хаашаа яваад байна вэ. Аль ч нам байсан эх орноо хамгаалж үлдэх ёстой баймаар. Нэг хятад хүн төрийн толгойд суучихсан байж мэдэхээр боллоо. Зөв зүйл дээр зүрх сэтгэлээрээ нэгдэж, цөөхөн монголчууд нэгнээ хайрламаар байна. Дэндүү ядуу явбал хүн бүхэн дээрэлхэнэ. Дэндүү баян явбал айдастай амьдардаг. Дундуур нь явж байхад болно гэж бодож байна”, “Залуучуудад ажлын байр олдохгүй байна. Хоёр намын хооронд явсаар байгаад хоногийн хоолгүй болсон хүн олон байна. Хуулийн засаглалтай орон уу, хуйвалдааны засагтай орон уу. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад ажилд нь эргүүлэн томилохгүй байгаа олон хүн байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол түүнийг биелүүлэх нь зүй ёсны асуудал гэж бодож байна” гэх мэтээр олон санал шүүмжлэлийг хэлж байв.

Түүнчлэн залуу үеийн төлөөлөл уулзалтад идэвхтэй ороцлсон юм. Иргэдийн дундаас нэгэн залуу “Хямралгүй салбар гэж алга. Монгол даяараа зовлонд уначихсан. Бүр ядууруулаад, туйлдуулаад унагачихвал хүн тэмцдэг. Гэтэл хоногийн хоолоор нь аргацаагаад байлгаад байна. Энэ хаанаас шидсэн чулуу юм бэ. Аль нэг намыг буруу сонгосноороо ядуу яваад байна гэдэг худлаа. Хоёрхон том нам байхад тэр хоёрын бурууг нь сонгоод байна гэдэг бүр худлаа шүү. Монгол Улс оршин тогтнох зорилттой болмоор байна. Том гүрнүүд эко татвар аваад эхэлбэл яах вэ. Хамгийн бага ой модтой улсаас татвар авдаг болчихвол манай улс хэцүүднэ. Таван тусгаар тогтнолыг хүн бүхэн мэддэг болмоор байна. Соошлоор явсан зүйлд тархиа угаалгаад байна. Тиймээс Ерөнхийлөгч та таван тусгаар тогтнолыг тунхаг болгоод зарлаад өгөөч. Үүнд, цусан тусгаар тогтнол, хилийн тусгаар тогтнол, засгийн тусгаар тогтнол, тархин тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол гэж баймаар байна. Одоо манайд хилээс бусад тусгаар тогтнол алдагдаад байна. Засаг бол бүр ч байхгүй. Энэ таван тусгаар тогтнолыг хүн бүхэн мэддэг болмоор байна” гэсэн юм. Ийнхүү иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байлаа. Иргэдийн хамгийн их хүсч буй зүйл нь Монголын төр ард түмнээ өмгөөлөх гэж, газар нутгаа хамгаалах гэж байгуулагдсан. Гэтэл асуудлаа шийдэж чадахгүй гадны улсуудаар заалгаад яваад байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байв. Мөн хоёр удаагийн санал хураалтаар ялалт байгуулсан Ерөнхийлөгчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийг эрх баригчдаас салган авч, ард түмэнд эргүүлж өгөхийг хүсч байлаа. Ингээд уулзалтад ирсэн зарим иргэдийн байр суурийг хүргэе.

Г.Наранчимэг: Багш нарыг цаасаар их дарж байна
/Орхон аймгийн иргэн/

-Тэтгэвэрт гарсан багш нарын тэтгэврийн зөрүү маш их байна. Ц.Цогзолмаа сайд болон Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна. Багш нарыг цаасаар их дарж байна. Өмнө нь улиралд нэг удаа тайлан авдаг байсан бол одоо сар тутамд авдаг боллоо. Энэ багш нарт их хүнд байна, асуудлыг авч үзээч.

н.Намхайноров: Энэ цөөхөн монголчуудыг ялгах ямар ч хэрэггүй
/Орхон аймгийн иргэн/ 

-Та Жижиг дунд үйлдвэрлэл, хөдөөгийн хөгжлийг дэмжинэ гэж их ярьдаг. Орхон аймагт сүүлийн үед маш олон жижиг дунд үйлдвэрлэл үүд хаалгаа нээж, хөгжсөн. Үйлдвэрлэл хөгжсөний үндсэн дээр маш олон хүн ажилтай болж, олон өрх орлоготой болсон. Гэтэл улаан, цагааны ялгаа их гаргаж байна. Энэ цөөхөн монголчуудыг ингэж ялгах ямар ч хэрэггүй. Ц.Нямдоржид дамжуулаад өгөөрэй. Эрдэнэтийн 51 хувийг бас булаагаад аваарай гээд. Мөн нэг асуудал байна. Ахмад настнуудыг автобусаар явахад орон нутаг, хот гэж ялгалгүй нэгмөсөн бүгдийг нь хөнгөлж, шийдээд өгвөл яасан юм бэ.

н.Гансүх: Ерөнхийлөгчийн хатуу гар хэрэгтэй байна
/Орхон аймгийн иргэн/ 

-Цэргийн байгууллагын хүн эрт тэтгэвэрт гардаг. Гэтэл офицеруудын тэтгэвэр тэтгэмж маш ялгаатай байна. Мөн нийгмийн асуудал, орон байрны асуудал ч тулгамдаж байна. Энэ офицерууд төрийн эрх ээлжлэн барьж байгаа хоёр намын алинд ч хамаардаггүй. Тиймээс энэ асуудлыг Батлан хамгаалахын сайдад уламжилж өгнө үү. Төр нь нэг шугамтай, нэг бодлоготой баймаар байна. Дөрвөн жилийн цикльтэй явж байгаа нь буруу. Ерөнхийлөгчийн хатуу гар хэрэгтэй байна.

н.Бат-Лүндэн: Халаасандаа мөнгөтэй нөхөд энэ улс орныг бүр туйлдуулж байна
/Орхон аймгийн иргэн/ 

-Иргэн надад гомдол ч байна, баяр ч байна. Саяхан Засгийн газар шатахууны үнийг буулгалаа гэсэн ч энэ нь худлаа. Дизель түлшний үнэ нэмэгдлээ. Бидний өргөн хэрэглээний барааг зөөж буй бүх тээврийн хэрэгсэл дизель түлшээр ажилладаг. Үүнийг дагаад бидний хэрэглэдэг өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна. Ерөнхийлөгчийг Сүхбаатар аймагт очиход Засаг дарга нь зугтаад явчихсан гэнэ билээ. Харин манай дарга зогсож байгаад баярлаж байна. Халаасандаа мөнгөтэй нөхөд энэ улс орныг бүр туйлдуулж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцож өгнө үү.

н.Жавзмаа: Дээдчүүлийн хийсэн аллагыг хорь гаруйхан настай миний хүүд тохчихоод байна
/Орхон аймгийн иргэн/

-С.Зориг агсны хэрэгт холбогдсон хүний ээж байна. Миний хүүг хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлээд байна. Тэр хэрэг гарах үед миний хүү 21 настай байсан. Эцэг, эхийнхээ өврөөс ч салаагүй байсан. Монголын шүүх, хууль хяналтынхан бүгд худалдагдчихаад байна. Энэ хэрэгт хүн бүхэн анхаарлаа хандуулж байгаа. Өөрийн чинь мэдэлд байгаа шүүхийн байгууллагыг солих цаг болсон. Тэд бүгд хуйвалдаж, миний хүүг 24 жилээр яллаж, хамгийн хатуу дэглэмтэй Тахир соёотод хийчихээд байна. Би 70 гарч яваа хүн. Хүүгээ гаргаад үхэх юмсан гэдэг бодолтой байна. Дээдчүүлийн хийсэн аллагыг хорь гаруйхан настай миний хүүд тохчихоод байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч. Хүүгийн минь хүүхдүүд эцгийгээ санаад бэтгэрч байна, өвдөж байна.

Иргэд үнэхээр бухимдалтай, бас тулгамдсан асуудал их байгаагаа Ерөнхийлөгчид хэлэхийн зэрэгцээ иргэдтэйгээ ойр байж, үгийг нь сонсохоор ирсэнд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Орхон аймгийн иргэн н.Даваа “Ахмадууд тэдэн төрийн нүүр үзлээ гэж ярьдаг. Би одоо 60 настай, таван Ерөнхийлөгчийн нүүр үзэж байна. Тань шиг ард түмнийхээ дунд явж байдаг Ерөнхийлөгчийг үзсэнгүй. Танд талархаж байна. Та сонгуулийн үеэр амлаж байсан. Оффшорчдыг илрүүлнэ, тэдний хөрөнгийг оруулж ирнэ гэсэн. 49 хоногийн хугацаа өгсөн чинь нэг нь ч оруулж ирсэнгүй. Мөн одоогийн Засгийн газар ОУВС-аас хараат болсон юм шиг бүх шийдвэрээ тэднээс асууж байна. Энэ чинь юу болж байна вэ. УИХ чадамжгүй байна. Яваандаа таныг зарлиг гаргахад чинь ОУВС-аас асууна гэх вий дээ. Та бол бүх монголчуудын эцэг шүү. Ард түмэн таныг дэмжиж байгаа шүү” хэмээн хэлэхэд орхончууд алга нижигнүүлэн, бүгд дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн энэ үеэр “Эрдэнэт үйлдвэрийг “Жаст”-ын Батхүү, Сугар нарын хүмүүс Стандарт банкны барьцаанд тавьсан байна. Энэ үйлдвэрт тэд нар ганц ч тоосго тавиагүй. Энэ үййлдвэрийг Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн илгээлтийн эздийн барьсан. Гэтэл тэд Монгол Улсыг тэжээж байдаг энэ үйлдвэрээс хөрөнгөжиж, идэж ууж байна. Тэдэнд арга хэмжээ авч өгөөч” хэмээн хүсч, 49 хувийг төр авсан үгүйг тодорхой болгоод, ард түмэнд ногдох хувийг тарааж өгөхийг хүслээ.

Уулзалтад ирсэн иргэн бүр үг хэлэхийг хүсч байсан юм. 19:30 цагт эхэлсэн уулзалт шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн ч иргэд улсынхаа Ерөнхийлөгчтэй уулзсан дээр бүгд л санаа бодлоо хэлмээр байсан биз ээ. Нэгэнт бүгд санал бодлоо хэлж амжихгүй тул Ерөнхийлөгчийн ажлын алба иргэдээс цаасаар санал авсан юм. Ерөнхийлөгчийн ажлын албанаас “Ерөнхийлөгч уулзалтаа эхлүүлснээс хойш 14 мянга гаруй иргэнтэй уулзсан. Нийтдээ 300 орчим иргэний санал ирсэн. Та бүхний саналыг нэгтгэж, боловсруулах, хариу өгөх техникийн ажлууд хийгдэж байна. Мөн та бүхний санал дээр үндэслээд Ажлын хэсэг байгуулаад Засгийн газар, УИХ-д чиглэл өгөөд явж байна” гэдгийг дуулгасан юм.

Ийнхүү удтал үргэлжилсэн уулзалт өндөрлөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Та бүхний ярьж байгаа гол асуудлуудыг сайн сонслоо. Намаар талцдаг зэрэг асуудлыг танай аймгийн иргэд ярьж байна. Бүх асуудлын үндэс нь ядуурал гэж би харж байгаа. Хүн бүр ажил, төрөлтэй, завгүй байх юм бол заавал намд шургалж ажилтай болох шаардлагагүй. Тиймээс би тендер нэрээр хэдэн компани баяждаг, уул уурхайгаар хэдхэн улстөрч баяждагаа болиоч ээ гэж уриалж байгаа. Том, том төслүүдээ хөдөлгөж иргэдээ ажилтай, орлоготой болгохыг би уриалж яваа. Өртэй холбоотой асуудлуудыг мөн та бүхэн ярьж байна. Өнөөдөр улсын өр 26 тэрбум ам.доллар боллоо. Энэ мөнгөөр юу хийсэн, хаачсан бэ. Өр, зээл тавиад юм бүтээдэг юм бол яагаад бид өдийг хүртэл ажилгүй, ядуу байгаа юм бэ. Энэ өр гурван сая иргэнтэй улсад асар их мөнгө. Дөрөв, дөрвөн жилээр төр барьж байгаа энэ төрд хариуцлагын тогтолцоо, бодлогын залгамж халаа гэж байхгүй байна. Энэ байдлыг багасгах гэж ард түмэн намайг сонгосон байх гэж бодож байна. Ийм том газар нутаг дээр бид багталцахгүй болтлоо хагаралдаж байна. Ийм байж болохгүй. Та бүхний санал шүүмжлэлийг хүлээн авч, УИХ, Засгийн газрын гишүүдэд уламжилна. Миний бие Хөвсгөл, Булган аймагт ажиллаад эргэж ирээд орон нутгийн удирдлагуудтай уулзана аа” гэлээ. Орхончууд улсынхаа эцэгт үгээ хэлсэндээ сэтгэл хангалуун байгаа нь харагдав. Орхон аймгийн 50 орчим хүн саналаа өөрсдийн биеэр илэрхийлж, мөн бичгээр санал хүсэлтээ өгсөн юм. Төрийн тэргүүн иргэдийг сонсож, асуултад нэг бүрчлэн хариулсан бөгөөд бичгээр ирсэн саналыг боловсруулж нэгтгээд бодлого шийдвэртээ тусгана гэлээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Орхон аймагт хийсэн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч өнөөдөр Хөвсгөл аймгийн иргэдтэй 15:30 цагт уулзана.