Хөвсгөлчүүд УИХ-ын гишүүдэд итгэл алдарснаа хэллээ

169

Улаанбаатар хотоос 670 гаруй километрийн зайд орших Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө Эрдэнэт хотоос хөдөлсөн юм. Хэд хоног цасаар шуурч, Орхон, Булган аймгийн нутаг цагаан бүрхүүл тогтсон мэт цайран харагдана. Харин Хөвсгөл аймаг руу дөхөх тусам цаг агаар тогтуун болж, цас ч багасч эхэллээ. Ийнхүү явсаар 15:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод ирэхэд төв талбай дээр Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд бэлэн жагсч, нутгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авсан юм.

Хөвсгөл аймгийн иргэдтэй хийх уулзалт аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд болохоор товлогдсон бөгөөд хөвсгөлчүүд улсынхаа Ерөнхийлөгчтэй уулзахаар энэхүү танхимд хуран цугласан байв. Ийнхүү Ерөнхийлөгчийн Хөвсгөл аймгийн иргэдтэй хийж буй уулзалт эхэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “Амралтынхаа өдөр цаг зав гарган, уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан намаржиж, өвөлжиж, хаваржиж байна уу. Яагаад гэвэл бид өнгөрсөн зун уулзсан. Тиймээс өнгөрсөн хугацааны мэндийг та бүхэнд хүргэж байна. Та нар маань сонссон байх. Өнгөрсөн хугацаанд би долоон дүүрэг, долоон аймгийн нийт 14 мянга гаруй иргэдтэй уулзаад байна. Замын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч та бүхэнтэй уулзахаар товлосон цагтаа ирлээ. Миний бие “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна” хэмээн ард түмнийхээ өмнө амласан ёсоор та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна. Ингээд тайзан дээр эмэгтэйчүүд, ажилгүй иргэд, залуус, ахмад настнуудын төлөөллийг урьж байна. Өнөөдөр та бүхэн энэ танхимд ярьж, энд цугласан хэвлэл мэдээллийн хэрэгслээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх юм шүү” гэсэн юм.

Хөвсгөлчүүдийн хувьд УИХ-ын гишүүдийн хэлж буй үг, хийж байгаа үйлдлүүдийг шүүмжлэхийн зэрэгцээ ёс зүйгүй байдал, хууль өөрчлөхөөс өөр ажил хийхгүй байгааг шүүмжилж байв. Мөн ажилгүйдэл, ядуурал, оффшорчдын хөрөнгийг оруулж ирэх, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, татварын нэмэгдлийн талаар үзэл бодлоо илэрхийлэх хүмүүс олон байв. Тухайлбал, ахмад настан Жадамба “Өмнөх Ерөнхийлөгч нар иргэдтэйгээ уулзаж явсангүй. Таны хувьд ирэгдтэйгээ ойр байна гэсэн амлалтаа биелүүлэх гэж орон нутгаар тойрч, иргэдтэйгээ уулзаж байгаад маш их талархаж байна. Та Монголоо Монгол шиг, төрөө төр шиг авч яваарай” хэмээн захиас, сургаалиа хайрлав. Мөн нэгэн иргэн “Мэдээ сонсож байхад маш эмгэнэлтэй зүйл их сонсогдох юм. УИХ-ын гишүүд хоорондоо талцаж, хэрэлдээд, маш ичгүүртэй юм ярьдаг боллоо. Өмнөөс нь ичмээр байх юм. Мөн УИХ-ын гишүүдийн ярьдаг юм нь хууль өөрчлөх, Оюутолгой, Тавантолгойг авах. Угтаа бол хуулийг хүн өөрөө хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хэрэгжихгүй тэр олон хуулиар яах юм бэ. Мөн өөрсдийнхөө толгойг цэнэглэж, өөр зүйл сэтгэж боддог болмоор юм” гэж байр сууриа илэрхийллээ. Уулзалтын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн зарим хүний байр суурийг хүргэе.

н.Ганбаатар: Зээлгүй тэтгэврийнхэн, төрийн албан хаагч гэж алга

/Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн иргэн/

-Ард иргэд маш их ядуурч байна. Ерөнхийлөгч та орон нутгаар явж байгаа учраас надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Дээр нь ихэнх хүмүүс өр, зээлтэй байна. Зээлгүй тэтгэврийнхэн, төрийн албан хаагч гэж алга. Монгол оронд үнэхээр онц байдал зарлах болсон байх. УИХ-ыг тараая гэж сүүлийн үед яриад байгаа. Тараах нь зөв гэж бодож байна. Гэхдээ дахиад л УИХ-ын гишүүдийг сонгох юм бол байдал өөрчлөгдөхгүй. Одоо ганц найдвар нь Монгол Улсын Ерөнхийлөгч болоод байна. Та арга хэмжээ авахгүй бол УИХ нэг шийдвэр гаргаж, нөгөөхөө эргэж буцаасаар юу ч өөрчлөгдөхгүй байна шүү.

н.Баярсайхан: Дөнгөж сургууль төгсөөд ирж байгаа хүнд ямар дадлага туршлага байх вэ дээ

/Хөвсгөл аймгийн иргэн, залуучуудын төлөөлөл/

-Би ээж, дүүтэйгээ амьдардаг. Залууст ажил олдохгүй байна. Ажилд орох гээд очихоор янз бүрийн шаардлага тавьж байна. Дөнгөж төгсөөд ажилд орох гэхээр дадлага, туршлагатай байх ёстой гэх юм. Эсвэл танил тал, хээл хахууль нэхэж байна. Ажилд ороход намын харьяалал бас харах гээд байдаг талтай болж. Нам бус бол ажил олдохгүй байна. Залуусаа дэмжинэ гэчихээд дэмжихгүй, голоод байх юм. Энэ асуудлыг л шийдэж өгөх хэрэгтэй байна. Надтай санал нэг, ажил олдохгүй байгаа залуус олон байгаа байх. Тиймээс залуусыг ажлын байртай болгох томоохон алхам хийж өгнө үү гэж хүсмээр байна.

н.Самбаллхүндэв: Төр тогтвортой байх нь маш чухал байна

/Хөвсгөл аймгийн иргэн/

-Төрийн бодлого тогтвортой, туйлбартай байхыг ард түмэн хүсч байна. Ойрын хугацаанд тэтгэвэр, татвар нэмсэн. Тэгснээ тогтоол шийдвэрээ буцаачихсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудал гарлаа. Ард түмний сэтгэл санааг үймүүлсэн төрийн тогтворгүй байдлыг төрийн албан хаагч би хүртэл ойлгохгүй байна. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга явагдсан гэсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг үнэхээр тусгаж байгаа эсэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч байр, сууриа илэрхийлэх хэрэгтэй. УИХ үйл ажиллагаагаа тогтворгүй байдлаар явуулж, энэ нь дахиад дөрөв, дөрвөн жилээр өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Тиймээс танаас хууль санаачлах эрхийнхээ хүрээнд энэ талын хуулийн төсөл санаачилж өгнө үү гэж хүсмээр байна. Хүмүүс гадагшаа явахыг маш их хүсч байна. Тэнд очоод тансаг сайхан амьдрах гэсэндээ биш энд тавьсан өр зээлээ дарах, үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгох гэж хүний газарт хөдөлмөрлөхөөр явж байна шүү.

н.Төмөрбаатар: Хөвсгөлчүүд маань үнэхээр хөдөлмөрч ард түмэн

/Хөвсгөл аймгийн иргэн/

-Хөвсгөлчүүд маань үнэхээр хөдөлмөрч ард түмэн. “Зүтгэж, итгэж, сэтгэж ажиллая” гэдэг аймгийн Засаг даргын гаргасан санаачилгыг ард түмэн бид дэмжин ажиллаж байгаа юм. Орон нутгийн удирдлагуудын маань хийж, хэрэгжүүлж байгаа ажил нүдээ олж байгаа. Харин хөрөнгө мөнгөний асуудал дээр дэмжлэг хэрэгтэй байдаг.

н.Даваасамбуу: Олон иргэн цаазын ялыг сэргээхийг хүсч байгаа гэдгийг дамжуулмаар байна

/Хөвсгөл аймгийн 4-р багийн иргэн/

-Монголд өнөөдөр хариуцлага, сахилга бат дутагдаж байна. Зохион байгуулалт маш дутмаг байна. Ялангуяа, хүн сонсмооргүй хүчирхийллийн хэрэг сүүлийн үед олноор гарах болжээ. Харин та бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ялтай болгоно гэсэн санаачилга гаргасан. Энэ шийдвэр хэзээ гарах вэ, олон иргэн цаазын ялыг сэргээхийг хүсч байгаа гэдгийг дамжуулмаар байна.

Хөвсгөл аймгийн иргэн

-Бид Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дээр байна уу гэж эргэлзэх боллоо. Хятад, Канадын нутаг дэвсгэрт байгаа юм биш биз дээ. Эрдэс баялгийг маань худалдсан хүмүүсийг олж, шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. Мөнгийг нь гадаад улс орноос оруулж ирэх хэрэгтэй. Би өнгөрсөн жил телевиз үзэж байгаад маш их бухимдсан. Далай ламыг ирлээ гэхэд төрийн албан хаагч, УИХ-ын гишүүд нь Хятадад очиж уучлалт гуйсан байна. Хүн бүр Цогт тайж киног үзсэн байх. Сэлэм гялс, толгой бөндгөс гэдэг шүү. Энэ Монголоос оффшорчин, авлигачдыг юун түрүүнд төрөөс холдуулах хэрэгтэй Дараа нь муу махны хэрэгтнүүдийг ч гэсэн зайлуулах хэрэгтэй. 76 нь бохир болохоор аймгийн 49 төлөөлөгчид нь бохир байна. Ингээд сум, баг гээд явж байна шүү. Та үүнд анхаарлаа хандуулж улсынхаа язгуур эрх ашгийг хамгаалах хэрэгтэй шүү.

Ерөнхийлөгч иргэдийн санаа, бодлыг сонссоны дараа асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө. Тухайлбал, оффшор бүсийн асуудлаар “Иргэдтэй уулзсан газар бүрт хамгийн их сонирхож байгаа асуудлуудын нэг нь оффшор бүсийн асуудал байна. Ашгийн бус, авлигаар авсан мөнгөө гаднын данс буюу оффшор бүст хийсэн байдаг. Харамсалтай нь, оффшор бүсээс мөнгө оруулж ирэх, авлигатай тэмцэхэд АТГ үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Яагаад гэвэл АТГ-ын даргыг сонгуулийн дараа УИХ-ын 65-ын бүлэг томилсон. 65-ын бүлэг томилсон учраас энэ хүнд харицлага тооцох ажил урагшлахгүй байна. Тиймээс уулзалт болгон дээр иргэд та бүхний ярьж, хэлж байгаа шаардлага тэдэнд хүрэх ёстой юм.

Мөн та бүхний шахалтын дагуу тэмцэж оффшор бүсээс хөрөнгө, мөнгө оруулж ирнэ. Энэ зорилго хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. Сая иргэн Ганбаатар надаас та оффшор данстай юу гэж асууж байна. Хэрвээ надад тийм данс байсан бол эрх мэдэлтэй хүмүүс гаргаад л ирэх байсан, сонгуулийн үед тэдэнд эрх мэдэл, цаг хугацаа хангалттай байсан. Оффшор данстай гэж миний талаар сонгуулийн үед гаргаж ирсэн энэ ярианд би тодорхой хариулт өгсөөр ирсэн. Надад тийм данс байхгүй гэдгийг хэлмээр байна. Өөрөө оффшортой тэмцэж байж өөрөө оффшортой байж болохгүй биз дээ” гэв.

Хөвсгөл аймгийн 30 гаруй хүн саналаа өөрсдийн биеэр илэрхийлж, мөн бичгээр санал хүсэлтээ өгсөн юм. Төрийн тэргүүн иргэдийг сонсож, асуултад нэг бүрчлэн хариулсан бөгөөд бичгээр ирсэн саналыг боловсруулж нэгтгээд бодлого шийдвэртээ тусгана гэлээ. Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, ярилцсаны дараа Мөрөн хотын захаар орж, сар шинийн худалдаа, иргэдийн худалдан авах чадвар, ахуй байдалтай танилцсан юм. Төрийн тэргүүн энэ сарын 11-ний өдөр Булган аймгийн иргэдтэй уулзаж ярилцана.