Доналд Трамп, Ким Жон Ун нар Пёнчанд “очжээ”

41

Өвлийн олимпын нээлтийн үеэр нэгэн онцгой үйл явдал болжээ. Тодруулбал, таарамжгүй харилцаатай Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарыг дуурайж, яг ижил болсон хоёр хүн цэнгэлдэх хүрээлэнд очжээ.

Тэд олимпын нээлт үзэхээр ирсэн зочдын гайхшралыг төрүүлээд зогсохгүй, хамгаалалтын цагдаа нарт ч баривчлагдаад амжсан байна. Нууцлагдмал зочдын нэг болох Ким Жон Уны дүрд хувилсан залуугийн уран бүтээлийн нэрийг Ховард Экс гэдэг бол Д.Трампын дүрд Деннис Алан гэгч хувилжээ. Тэд хамтдаа хэвлэлийнхний байрлаж буй хэсэг рүү орох гэж байхдаа саатуулагдсан бөгөөд энэ шалтгаанаа “тамирчидтай илүү ойр зайнаас уулзаж, гар барих завшаан олдох учраас” хэмээн тайлбарласан байна. Гэхдээ үүний дараа тэднийг цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгөөгүй бөгөөд нээлтийн тасалбартай байсан учраас тухайн суудалд нь суулгажээ. Хэдий тэднийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс нарын сууж байсан хэсгийн хажуугаар өнгөрүүлээгүй ч, нээлтэд ирсэн үзэгчид халуун дотноор угтан авч байсан аж. Мөн хамгаалалтын ажилтнууд ч хамт зургаа авхуулж байсан гэнэ.