С.Нарантуяа: Ажил хайгчдын асуудлыг 30 хоногийн дотор шийднэ

13

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааны талаар тус төвийн Зохион байгуулалт, Бүртгэлийн хэлтсийн дарга С.Нарантуяагаас тодрууллаа.

-“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааны талаар танилцуулаач?

-“Нэг өрх-нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр нээлтээ хийсэн. Нээлт хийснээс хойш нийт 895 иргэн үйлчлүүлсэн байна. Манай төв ажил хайгч иргэн болон ажлын байрны захиалгыг бүртгэж ажилд зуучилдаг байгууллага. Мөн ажлын байрны оффисгүй иргэдэд дундын оффис олгох үйлчилгээ үзүүлж байна. Бүлгүүдийн сургалтыг зохион байгуулахаас гадна хөдөлмөр эрхлэлттэй хол­боо­той ганцаарчилсан болон нийтийн зөвлөгөө мэдээл­лийг хүргэдэг. Хүүхдээ дагуулан ирж, үйлчилгээ авч байгаа иргэдэд хүүхдийг нь саатуулах тусгай тоглоомын өрөө гаргасан. Ерөнхийдөө хөдөлмөр эрхлэлттэй хол­боотой цогц үйлчилгээг нэг дороос орчин үеийн стан­дар­тад нийцүүлэн мэргэжлийн төвшинд шуурхай хүргэж байлаа.

-Одоогоор хэчнээн аж­лын байрны захиалга байна вэ?

-Төв байгуулагдсанаас хойш ажил хайгчийн тооноос илүү ажил олгогч буюу ажлын байрны захиалга ирсэн байна. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ажлын байр хангалттай байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Энэ сарын 09-ний өдөр “Бат байгаль” ХХК-д 50 мэргэжлийн ажилтны хүний нөөцийг бүрдүүлж, шууд ярилцлагад оруулсан.

-Ямар чиглэлийн ажил илүү эрэлттэй байна вэ?

-Төрөл бүрийн мэргэжлийн ажлын байрны захиалга ирж байна. Тэр, энэ гэж онцлох юм алга. Улирлын чанартай ажлын байрны захиалга ирэх гуравдугаар сараас түлхүү орж ирэх байх.

-Ажил хайгчдад тавигдах шаардлага хэр өндөр байна вэ. Ихэвчлэн ямар шаардлагыг ажил олгогчид тавьж байна вэ?

-Сүүлийн үед ажил олгогчид “сургаад авъя” гэсэн зарчмыг баримтлах болсон. Хамгийн гол нь хөдөлмөрт хандах зөв сэтгэлгээтэй, ажилдаа сэтгэлтэй, тууштай байх шаардлагыг тавьдаг. Мэдээж нарийн мэргэжлийн ажилд мэргэжил боловсрол шаардана.

-Ихэнх газрууд ажлын туршлага хардаг. Танайд бүртгүүлсэн ажил олгогчид ажлын туршлагатай байх шаардлагыг тавьж байна уу?

-Ихэвчлэн ажлын туршлага хардаг ч ажиллья, суръя гэсэн чин хүсэлтэй байвал сургаад л авъя гэдэг. Энд ажил хайгчийн хөдөлмөрт хандах хандлага чухал. Ажлын туршлага заахад шинэ төгссөн хүүхдүүдэд хүндрэлтэй байх сул талтай.

-Ажил хайгч бүртгүү­лэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд болно. Хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих төв дүүрэг харгалзахгүй бүх иргэдэд үйл­чилнэ. Хөдөө орон нут­гийн иргэд ч бүртгүүлээд ажлын байранд зуучлуулах боломжтой.

-Танай өөр салбар бий юу. Зөвхөн Дүнжингаравт л бүртгэж байгаа юу?

-Дүүргүүдийн хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлт­сүүд адилхан энэ чиг­лэлийн үйлчилгээг үзүүлдэг. Манай төв дүүрэг харгалзахгүй үйл­чилгээ үзүүлдгээрээ онцлогтой.

-Бүртгүүлснээс хойш хэр хугацаанд хариу өгдөг вэ?

-Хамгийн ихдээ 30 хоногийн дотор хариу өгч, асуудлыг нь шийддэг.