Н.Энхбаяр “Ардын” гэх үгэнд харшлав

Намынхаа ганц УИХ-ын гишүүнд намаа алдах шахсан Н.Энхбаяр өнгөрөгч амралтын өдрүүдэд улаан бүчтэй сурагч жагсааж, коммунист намын үнэр нэвт шувт ханхалсан Их чуулган гэгчийг зохион байгуулсан юм.

Тэрбээр, хурлынхаа үеэр нийт гишүүдийнхээ 100 хувийн саналаар дахин намын дарга болж, албан тушаал, даргын суудал хоёроо бөхөлж авлаа. Баасан, бямба гарагт болсон МАХН-ын Их чуулганы үеэр тэд Дээд Үндсэн хууль гэгчийг хэлэлцжээ. Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаяр БНМАУ гэх хуучны албан ёсны нэршлээс  “Ардын” гэсэн үгийг хасч орхижээ.

Чуулганы үеэр тэд “БНМУ-ын Бүрэн эрхт байдал”, “БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг баталгаа”, “БНМУ-ын төрийн байгуулалт”, “БНМУ-ын Засаг захиргааны удирдлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн аж. Н.Энхбаяр “Ардын” гэх үгэнд харшилтай болсон нь шалтгаан нь МАН-аас болсон гэх. Учир нь, Н.Энхбаярыг одоогийн МАН-ыг хуучин МАХН байх үед У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрчид хуучин социализмыг санагдуулсан “Хувьсгалт” гэх үгнээс бид татгалзах ёстой хэмээн эсэргүүцсээр МАХН-ын нэрийг МАН болгож байсан юм.

Харин Н.Энхбаяр энэ бүхний эсрэг ганцаараа сөрж байсан учраас арга ядахдаа намынхаа нэрийг тэр чигээр нь авч, МАХН-ыг шинээр байгуулж байсан түүхтэй. Тэгвэл, МАХН-ынхаа нэрийг эргэж сэргээж, дахин хүчирхэг болгох энэ удаагийн чуулганыхаа үеэр Ардын намын өмчилж орхисон “Ардын” гэх үгийг хуучны БНМАУ-ын албан ёсны нэршлээс нь авч хаячихаад, эргэж сэргээх мэргэн шийдвэр гаргажээ. Улстөрчдийн өс хонзон, намаар талцсан хийрхэл хэнээрхэл арай л хэрээс хэтэрч, Монгол Улсын өнгөрсөн түүхийг баллуурдах хэмжээнд хүрнэ гэдэг байж боломгүй үйлдэл байлтай. Намаар талцаж болох ч улсынхаа хуучин нэрийг хүртэл ингэж дураар өөрчилж, үг хүртэл өмчилж хийрхэнэ гэж юу байх билээ.