Булганчууд оффшорчдод хатуу хариуцлага тооцохыг хүслээ

35

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 13-аас иргэдтэйгээ уулзаж эхэлсэн бөгөөд одоогоор долоон дүүрэг, есөн аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоод байгаа юм. Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон, Хөвсгөл, Булган аймагт ажиллаж, иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 12-ны ням гарагт Булган аймгийн иргэдтэй тус аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч “Булган аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр цаг заваа гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна” гэж хэлж байсан. Энэ амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж, ярилцахаар ирлээ” гэв. Хөгжимт жүжгийн театрт хөл тавих зайгүй цугласан булганчууд төрийн тэргүүндээ санал хүсэлтээ хэлж, тун удахгүй болох аймгийн 80 жилийн ойн тухай ч хөндөөд амжлаа. Булган­чууд тэтгэвэр, тэтгэмжтэй хол­боотой асуудал, оффшорч­дын хөрөнгийг оруулж ирэх, улстөрчдийн увайгүй үйлдлийг таслан зогсоох, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг ашиглах гээд олон талын саналыг хэлж байсан юм. Ингээд уулзалтад оролцсон иргэдийн заримынх нь саналыг хүргэе.

н.Ганболд: Ард түмэн өдрөөс өдөрт ядуурч, дээр байгаа цөөхөн хэдэн хүн баяжаад байх юм

/Булган аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч, аймгийн хурц арслан/

-Та оффшорчдын хөрөнгийг оруулж ирэх тухай ярьж буй. Социализмын үед биднийг алтан дээр суусан гуйлгачин гэдэг байсан бол зах зээлд шилжээд эрдэнэсээ ухуулаад, өрөнд ороод л дуусч байна. Ард түмэн өдрөөс өдөрт ядуурч, дээр байгаа цөөхөн хэдэн хүн баяжаад байх юм. Та тэдэнтэй тэмцэж байгаад бид талархаж байгаа. Оффшор бүсэд олон тэрбум төгрөг байгаа гэж яриад байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөөрэй. Цаашдаа ч шударга байж, эдгээр асуудлыг цэгцэлж өгнө гэж танд итгэж байна.

н.Батсуурь: Тэтгэврийн зээлтэйгээ хамт үхчихэж болдоггүй юм уу

/Булган аймгийн I багийн иргэн/

-Надтай адил тэтгэврийн олон хүн бий. Тэд бүгд өр, зээлтэй. Би бие муутай, муугаар бодож үхэх юм бол өрөө үр хүүхэддээ үлдээгээд үхэх нь. Гэтэл тэд маань бүгдээрээ л тусдаа цалингийн, бизнесийн зээлтэй. Энэ тэтгэврийн зээлийн тогтолцоог эргэж хармаар байна. Тэдэндээ дарамт болох нь байна. Тиймээс тэтгэврийн зээлтэйгээ хамт үхчихэж болдоггүй юм уу. Хийдгээ хийгээд, татвараа төлөөд, эцэст нь жаахан тэтгэвэр авч байгаа ч амьдралд хүрэлцэхгүй байгаа болоод л аргаа барж байна.

н.Туяа: Нутаг усаа хамгаалж байгаа бидний эрх ашиг зөрчигдөж байна

/Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн/

-Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төсөл санаачилж өгнө үү гэдэг хүсэлт хүргүүлсэн. Миний хүсэлтэд бичгээр хариу ирсэн ч, дахин өөрийн биеэр хэлэхээр ирлээ. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хуулийн дагуу ал­бан үүргээ биелүүлэхгүй, ир­гэд биднийг хохироож байгаа жишээ олон бий. Тиймээс Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төслийг УИХ-аар бат­луу­лах хэрэгтэй байна. Мөн­гө­ний үнэр авчихсан албан ту­шаалт­нууд Булган аймагт ирж, газар нутгийг маань тал­халж байна. Бэлчээр, ундны усаа хамгаалах гэхээр хаа бай­сан хотын цагдаагийн га­зарт хэргийг шилжүүлдэг. Ну­­таг усаа хамгаалж байгаа бид­ний эрх ашиг зөрчигдөж, ар гэрийнхэн маань хүртэл хохирч байна. Тиймээс шүүх, про­курор­той хариуцлага тоо­цох Про­ку­рорын дэргэдэх мөр­дөн бай­цаах газар хэрэгтэй бай­на. Мөн АТГ-ыг татан буул­гах хэ­рэг­тэй. Энэ газар бүх цаг үед авлигыг бууруулж ча­дах­­гүй байгаа. Тиймээс ийм нү­сэр, том бүтэцтэй бай­гуул­лага байх хэрэг байгаа юм уу. Би хууль бусаар байгаль ор­чин сүйтгэсэн асуудлаар АТГ-т дөрвөн жилийн өмнө өр­гө­дөл өгсөн. Хариу ирээгүй тул өөрийн биеэр очихоор өр­гөд­лийг чинь шалгаж байна гэ­сэн хариу өгдөг. Дөрвөн жил шал­гаж байна. Ийм хурдаар аж­лаа хийдэг байгууллага байх хэ­рэг­тэй юм уу. АТГ ажлаа хийхгүй байгаа тул албан тушаалтнууд болон авлигачид үнэхээр даварч байна.

н.Дагвадорж: Цэргийн алба хаах хугацааг гурван жил болгохыг дэмжиж байна

/Булган аймгийн Булган сумын V багийн иргэн/

-УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байна. Энэ бол албан ажлаа тасалж байгаа хэрэг гэж би үздэг. Энэ хүмүүс ажлаа хийхгүй бол эргэж татдаг хуультай болох хэрэгтэй байна. Хоёрдугаарт, залуус ганцхан жилийн цэргийн алба хааж байгаа. Алба хаах хугацааг гурван жил болгож, улс орны бүтээн байгуулалтад оролцуулах талаар гаргасан таны санаачилгыг дэмжиж байна. Тухайлбал, гурван жилийн цэргийн албанаас төрсөн барилгачин баатрууд өдий төдий бий. Барилгын цэрэг байх үед орон сууцны олон хороолол босч, барилгын баатар цэргүүд олноороо төрж байсан юм шүү.

н.Бадамдорж: Намчирхал манай аймагт байтугай Монгол орон даяар байдаг юм байна

/Булган аймгийн Булган сумын I багийн иргэн/

-Би 2004 онд ШУТИС-ийг Үйлдвэрийн экологи, байгаль орчны чиглэлээр төгссөн. Тэр цагаас хойш нутагтаа амьдарч байна. Анх сургуулиа төгсөөд нутаг орондоо мэргэжлээрээ ажиллана гэсэн залуу хүний эрч хүчтэй ирсэн. Гэвч намчирхал манай аймагт байтугай Монгол орон даяар байдаг юм байна. Ажилд оръё гэхээр чи аль намынх вэ гэж асууж байна. Эсвэл аль нэг намынх байж тэр хүн амжилтад хүрч байна. Би дөрвөн хүүхэдтэй, Булган аймгийн Хас банкинд харуул, хамгаалалтын ажил хийгээд 10 жил болж байна. Өнөөдөр чи ямар мэргэжилтэй вэ, ийм ажил хийгээч гэж хэн ч надаас хүсээгүй. Яагаад гэвэл би аль ч намынх биш. Өнөөдөр залуус дөрвөн жилийн хугацаатай л төрийн албанд ажиллаж байна. Дөрвөн жил ажиллаад хэн ч биш болж байна. Тэд чинь цалингийн зээлтэй байдаг биз дээ. Өнөөдөр хөгшид тэтгэврийнхээ зээлтэй үхье гээд ярьж байна шүү дээ. Булган аймагт хэдэн хүн цалингийн зээлтэй амьдарч байгаа билээ. Гэтэл намчирхлаар ажилгүй болчихоор ар гэрт нь 200 хувийн дарамт очиж байгаа. Цалингийн зээлтэй хүмүүсийг даатгалтай болгомоор байна. 76 гишүүн хоорондоо хэрүүл хийгээд л байж байна. Ард түмэн яагаад хямраад, яагаад зээлд дарагдаад байгаа вэ гэдгийг ярих хэрэгтэй байна.

Ийнхүү булганчууд олон санал хүсэлтийг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим асуултад хариуллаа. Тэрбээр “Ажлын байр, ажилгүйдлийн талаар иргэд ихээр ярьж байна. Энэ ганц Булган аймагт яригдаж байгаа асуудал биш аймаг бүрт яригдаж байгаа. Том, том бүтээн байгуулалт, төмөр замын асуудлыг ч та бүхэн асуулаа. Төмөр замын бодлого 2010 онд батлагдсан.

Далайд гарцгүй орны хувьд хөгжлийн хамгийн чухал стратегийн ач холбогдолтой дэд бүтэц бол зам, ялангуяа төмөр зам байдаг. Харамсалтай нь, төмөр замын ажлыг эхлүүлэх сонирхолгүй бүлэглэл байдаг. Энэ бүлэглэл нь Монголын баялгийг хил давуулж зараад олсон орлогоо гаднын дансанд нуугаад байгаа хүмүүс. Энэ нэгэнт ил болсон зүйл шүү. Үүнийг илрүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр байгаа учраас үзэл бодолдоо тууштай байна гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаад найман жил болж байна. Энэ ажлыг эхлүүлэх талаар шинэ Ерөнхий сайд, Засгийн газарт санал тавьсан. Төмөр замын ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа” гэсэн юм. Мөн ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг тойргийнх нь гишүүд болон холбогдох хүмүүст дамжуулахаа илэрхийлэв.