М.Энхболд дарга олимпын медальтнуудтай уулзана

68

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 11.00 цагаас үе үеийн олимпын медальтнуудыг өрөөндөө хүлээн авч уулзахаар болжээ. Энэ өдрүүдэд өвлийн олимп БНСУ-ын Пёнчан хотноо болж байгаа бөгөөд манай улсаас цанын спортын төрөлд хоёр тамирчин, мөн паралимт нэг тамирчин, нийтдээ гурван тамирчин улсаа төлөөлөн оролцож байгаа юм.
Манай улс нь 1964 оноос эхлэн олимпт оролцож эхэлсэн бөгөөд 1984 онд ЗХУ-ын бойкотоос үүдэн Лос-Анжелесийн олимпт оролцоогүй байдаг аж.

Монголын баг тамирчид зуны олимпын наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль аваад байгаа билээ. Монголчууд медаль хүртэж байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрөл бий.

2008 оны Бээжингийн олимпоос өмнө Монгол Улс нь нэг ч алтан медаль аваагүй орнуудаас медалийн чанараараа тэргүүлж байсан боловч энэхүү олимпт жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр улсынхаа анхны алтан медалийг авчирсан түүхтэй.

Харин хамгийн анхны медалийг Ж.Мөнхбат 1968 онд Мексикийн олимпоос мөнгөн медаль авч байсан бол хамгийн сүүлд Риогийн олимпоос Д.Сумъяа жүдо бөхөөр мөнгөн медаль, гавьяат тамирчин Д.Отгондалай сонирхогчийн боксын төрөлд хүрэл медалийг тус тус авч байлаа. УИХ-ын дарга эдгээр тамирчдад хүндэтгэл үзүүлэх юм байна.