У.Сувдсүрэн: 69 мянган иргэнээс нэг ч хүн газар эзэмшиж, хашаа бариагүй

90

Газар үнэгүй өмчлөлийн хугацаа тавдугаар сарын 01-ний өдөр дуусах аж. Энэ талаар Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнгээс тодрууллаа.

-Газар үнэгүй өмчлөлийн хугацаа тавдугаар сарын 01-ний өдөр дуусна гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Газар өмчлөл гэдэг нь эзэмшиж байгаа буюу эзэмших гэрчилгээтэй газраа өмчилж авна гэсэн үг. Иргэд эхлээд дүүргийнхээ газрын албанд хандаж эзэмших гэрчилгээ авна. Харин дараа нь эзэмшил газраа өмчлөх юм. Түүнээс биш шинээр газар олгох асуудал хаагдаж байна гэсэн үг биш. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2003 онд батлагдсан. Уг хуульд гурван удаа өөрчлөлт орсон байдаг. Мөн тав, таван жилээр сунгагдаж байсан. Энэ газар өмчлөлийн тухай хуулийн хугацаа тавдугаар сарын 01-нд дуусах юм.

-Тэгэхээр цаашид газрыг үнэгүй өмчлөх боломжгүй гэсэн үг үү?

-Нийслэлийн газрын албаны зүгээс энэ асуудлаар санал, хүсэлт, хуульд оруулах бүх өөрчлөлтүүдээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн агентлагт хүргүүлсэн. Дараа нь яаманд хүргүүлсэн байгаа. Салбар яам хаврын хэлэлцүүлгээр оруулна гэсэн хариу өгсөн.

-Газраа өмчлөхийн тулд иргэд хаана, хэнд хандах ёстой вэ?

-Дүүргийн газрын албанд хандах ёстой. Газар байгаа дүүргийнхээ газрын албанд бүрдүүлсэн материалаа өгөхөд болно. Дүүргийн газрын албанаас ирсэн өргөдлийг Нийслэлийн газрын албанд нэгтгэж, хурлаар хэлэлцээд Засаг даргын захирамж гардаг. Хуулийн хугацаа нь 90 хоног байдаг юм.

-Бүх хүн газар өмчилж болох уу?

-Газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу иргэд сайн дураараа газар өмчилж байгаа. Өнгөрсөн онд иргэдэд эзэмшиж буй газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх гурван сарын аяныг зохион байгуулсан. Тодруулбал, эхлээд судалгаа гаргасан. Хэдэн айл газраа өмчлөөгүй, хэд нь өмчлөх боломжтой болон үерийн аманд буусан айл хэд байгаа талаар судалгаа гаргасан. Судалгаагаар 5700 айл газраа өмчлөх боломжтой байсан. Эдгээр айлуудаар явж, та газраа өмчлөх үү, танд ийм боломж байна гэсэн саналыг тавьсан. Үүнээс 2571 иргэн газраа өмчилсөн. Иргэд өөрийнхөө хүсэлтээр 2402 газар өмчилсөн байсан.

-Цахим газар өмчлөл үргэлжлэх үү?

-Цахим газар өмчлөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Тодорхой батлагдсан байршлуудад цахимаар өргөдөл өгч, сугалаагаар сонгон, газар олгодог байсан. Цахим газар өмчлөлийг одоогоор түр зогсоосон байгаа. Өмнөх жилүүдэд зургаан удаа цахимаар газар олгосон. Үүнээс 69 мянга гаруй иргэн сонгогдож, газар авсан байдаг. Гэтэл өнөөдөр энэ 69 мянган иргэнээс нэг ч хүн газраа эзэмшиж, хашаа бариагүй байна. Энэ бүх олгогдсон газруудад дугуй, мод, чулуу гэх мэт зүйлүүдээр стандарт бус тэмдэглэгээ хийсэн байна билээ. Кадастрын зураг дээр олон газар олгосон ч, тэдгээрээс хэн нь ч газраа эзэмшээгүй. Яагаад гэвэл судалгаа муу хийсэн. Зөвхөн агаарын зураг ашиглаж энэ байршлуудыг сонгосон. Хээрийн судалгаа хийгээгүйгээс болж, дэд бүтэц очих боломжгүй байгаа юм. Тодруулбал, хамгийн наад захын хэрэглээ болох цахилгаан, ус байхгүй. Анхнаасаа төлөвлөлтөө хийхдээ цахилгаан, усны асуудлыг эхэлж шийдээгүйгээс болж байгаа юм. Тиймээс эхний ээлжинд сонгогдсон 69 мянган иргэний асуудлыг шийдье гэсэн зорилго тавин ажиллаж байна. Дараагийн 68 байршлыг дахиж судлах хэрэгтэй.

-Дараагийн 68 байршлыг дахин судална гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Иргэд амьдарч, оршин суух боломжгүй 45 градусаас хэт налуу, зарим газарт жалга таарсан, үерийн ам гэж хамгаалалтын бүс биш мөртлөө дэндүү гүн жалга таарсан газрууд байдаг. Тиймээс 68 байршилд ийм газар байна уу, иргэдийг яаж байршуулах болон нийслэлийн хилийн бүст байна уу гэх мэт дахин судлах шаардлага байгаа юм.