Х.Баттулга: Импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаад талархаж байна

68

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн өдрүүдэд орон нутагт ажиллалаа. Тэрбээр энэ сарын 11-ний өдөр “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк ОНӨҮГ-ийн дэргэдэх гагнуурын электродын үйлдвэр, “Хүний экологийн төв”–ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Уг парк өнгөрсөн оны аравдугаар сараас гагнуурын электрод үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдөрт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Одоогоор тус үйлдвэрт 4-5 хүн тогтмол ажиллаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс гагнуурын электродоо 100 хувь импортоор авдаг. Энэ хэрэгцээг бүрэн хангах үндэсний үйлдвэр Орхон аймагт үүдээ нээж, үйл ажиллагаагаа явуулж, ажлын байр нэмэгдүүлж байгаад талархаж байна” хэмээлээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч тулгамдаж буй асуудал болон зах зээлд борлуулах тооцоо, судалгааг сонирхож байлаа. “Эрдэнэт” ШУТП-ийн захирал Г.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д электрод нийлүүлэх санал тавиад байгаа. Монгол Улсад худалдаалагдаж буй гагнуурын электродын дийлэнх нь БНХАУ, ОХУ-аас орж ирдэг.

Тэгвэл “Эрдэнэт” ШУТП-ийн үйлдвэрлэж буй электрод нь АНУ-ын Үндэсний Стандартын байгууллага, Электрод үйлдвэрлэгчдийн холбооны техникийн шаардлагад бүрэн нийцсэн. Өөрөөр хэлбэл, ганг цахилгаан нуман аргаар гагнах онцгой чанаржуулсан электрод юм” гэсэн юм.

Энэ үеэр “Эрдэнэт” ШУТП байгуулах санаалчилгыг анх гаргасан Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Энэхүү парк цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлбэл Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангах боломжтой” гэж онцлов. Үүнээс гадна “Хүний экологийн төв” нь хүрээлэн буй орчин болон хүний биед сөргөөр нөлөөлж буй хүнд металл, металл бус химийн элементийг тодорхойлох юм.

Ингэхдээ хүний үс, шүлс, цус, шээснээс шинжилгээ авч ямар төрлийн элемент давамгайлж байгааг судалж үүнийг саармагжуулахад анхаарах ажээ. Өөрөөр хэлбэл, уул, уурхайн дагасан хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй химийн элементийг илрүүлэх юм.

Хүнд металл хүний биед ороод найман жилийн дараа өвчлүүлж эцэст нь эд эрхтэний аль нэг хэсэгт наалдаж хорт хавдар болдог тул “Хүний экологийн төв” нь хүн амын эрүүл мэндийн хамгаалах гол ач холбогдолтой гэж тус паркийн дэд захирал Х.Батсайхан хэллээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар, механикийн заводоор орж, үйл ажиллагаатай нь танилцлаа.