Н.Зориг: Энэ онд 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилнө

62

АТҮТ-өөс зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүйгээр замын баруун гар талыг илүү сайн гэрэлтүүлдэг техникийн шийдлийг орон даяар эхлүүллээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдэд замын хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулахаар хуульчлан тогтоосон боловч тээврийн хэрэгслүүдийн жолооны хүрдний байрлалыг тодорхой зааж өгөөгүйн улмаас уг дүрэм, журамд нийцээгүй баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэх хандлагатай болсонтой холбоотой ажээ.

Тус үйл ажиллагааг өчигдрөөс /өнөөдөр/ эхлүүлж байгаа бөгөөд 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон байна. Түүнчлэн зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн 50-иас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Мөн шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй гэсэн тоон үзүүлэлт байдаг ажээ. Иймд Монгол Улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага тулгарч байгаа юм. Ингээд энэхүү мэдээллийн талаар АТҮТ-өөс өчигдөр сэтгүүлчдэд хандан танилцуулга хийлээ. Танилцуулгад АТҮТ болон Замын цагдаагийн албаныхан оролцов.

Энэ талаар АТҮТ-ийн Судалгаа хөгжил, чанарын удирдлагын газрын дарга Н.Зоригоос тодрууллаа.

-Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх шалтгаан нь юу байв?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ихээр орж ирэх болсон. Энэ төрлийн автомашины гэрэл эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулдаг. Өөрөөр хэлбэл, эсрэг урсгалын жолоочийн нүд рүү шууд тусдаг гэсэн үг. Үүнээс үүдэн шөнийн цагаар орон нутгийн замд осол гарах магадлал нэмэгддэг. НҮБ-аас автомашины гэрлийн тохиргоог өөрчилж болно гэсэн техникийн зохицуулалт гаргасан байдаг. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс энэхүү ажлыг эхлүүлж байгаа юм.

-Монгол Улсад баруун талдаа жолооны хүрдтэй хэдэн автомашин байна вэ?

-Улсын хэмжээнд 810 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 600 мянга гаруй нь замын хөдөлгөөнд тогтмол оролцож байна. Тогтмол оролцож байгаа автомашинуудын 50.4 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа юм.

-Энэ онд хэдэн автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх вэ?

-2018 онд 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилнө. Үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх асуудлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ. Иргэд энэ тохиргоог жил бүр хийнэ гэж ойлгоод байна. Тийм биш. Энэ тохиргоог нэг л удаа хийх юм. Ингэснээр тухайн жолоочийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийг хамгаалах зорилготой юм. Мөн тухайн тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилсөн тухай мэдээллийг автомашины цонхон дээр наана.

-Шинээр хилээр орж ирэх автомашины гэрлийн тусгалыг хэрхэн өөрчлөх вэ?

-Тухайн автомашиныг худалдаж авсан хүн улсын дугаар авах үед нь гэрлийн тусгалыг өөрчилнө.

-Жолоочоос зардал гарах уу?

-Нэг жолоочоос 1650 төгрөг гарна. Үүнийг АТҮТ гэрлийг өөрчлөх тоног төхөөрөмж худалдаж авах болон инженер, техникийн ажилтнуудын цалин хөлс зэрэгт зарцуулах юм.

-Энэ ажилд төсвөөс хэдэн төгрөг зарцуулах вэ?

-АТҮТ-ийн төсвөөс 229 сая төгрөг зарцуулсан.

-Гэрлийн тохиргоог өөрчлөх бэлдэцийг хаана үйлдвэрлэж байгаа вэ?

-Тендерт Монголын “Ном хур” компани шалгарсан. Бидний боловсруулсан стандартын дагуу одоогоор 100 мянган тээврийн хэрэгслийн гэрэл өөрчлөх бэлдэц нийлүүлсэн.

-Автомашиныхаа гэрлийн тусгалыг өөрчлөх хүсэлтэй иргэд хаана хандах вэ?

-Өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвд хандана.

-Монгол Улсад гарч буй зам тээврийн ослын хэдэн хувь гэрлийн тусгалаас үүдэлтэй байна вэ?

-Монгол Улсад гарч буй нийт зам тээврийн ослын дийлэнх нь шөнийн цагаар гарсан байна. Үүний 76 хувийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлж байгаа гэсэн судалгааг Замын цагдаагийн албанаас гаргасан байна. ЗТХЯ-аас 2018 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан. Энэ зорилтыг биелүүлэх нэгэн боломж нь өнөөдөр эхлүүлж буй гэрлийн тусгал өөрчлөх асуудал юм.

М.Мягмарсүрэн: Зам тээврийн осол буурна

/Замын цагдаагийн албаны Техник, тоног зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч/

-Замын цагдаагийн алба АТҮТ хамтран автомашины гэрлийн тохиргоонд өөрчлөлт оруулж байгаа энэ ажилын туршилттай /өнөөдөр/ өчигдөр ирж танилцлаа. Улсын хэмжээнд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Үүний 50 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашин байгаа юм. Өнгөрөгч оны байдлаар нийт гарсан зам тээврийн ослын 71.8 хувийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлж байна. Гэрлийн тохиргооны өөрчлөлтийг хийснээр зам тээврийн осол буурах үзүүлэлттэй гэдгийг танилцуулгаас харлаа.

Н.Алтанхуяг: Судалгааны үр дүн эерэг гарсан

/Чанарын удирдлагын төвийн хэмжил зүйн лаборторийн чанарын менежер/

-Би 2013 оноос автомашины гэрлийн талаар судалгаа хийж байсан. Харин буруу болон зөв тусгалтай болгох талаар өнгөрөгч жилээс нэлээд эрчимжүүлж судалгаа хийсэн. Судалгаа хийхдээ НҮБ-аас гаргадаг техникийн зохицуулалтыг судалсан юм. Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал манай нөхцөлд өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн нүд рүү гэрэл маш их хуваарилагдаж явдаг техникийн шийдэлтэй байдаг.

Үүнийг бууруулах ямар арга зам байна вэ гэхээр НҮБ-ын техникийн зохицуулалт гурван аргыг зөвлөдөг. Энэ гурван аргын хүрээнд проекторыг ашиглаж болох юм байна гэж үзээд, зураг схемийг нь гаргаад бэлдсэн. Автомашины гэрэл хуваарилалт бодит замд яаж хуваарлигдаж явдаг юм бэ гэдгийг лабораторийн нөхцөлд зогсч байгаа газраасаа 25, 50, 75 км-ын зайд байрлуулсан тусгай самбарт гэрлийнх нь хүчийг цэгүүдийн байршилд хэрхэн яаж тусч байна вэ гэдэг мэдээллийг нь аваад судалгаа хийсэн байгаа.

Судалгааны үр дүн эерэг гарсан бөгөөд эгц өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэл жолоочийн нүдийг гялбуулахааргүй байх шаардлагаа хангасан юм. Нөгөөтэйгүүр, баруун гар тал руугаа илүү их гэрэл хуваарилж явж чадаж байна. H4 маркийн ламп нь бусдаас онцлог учраас тусгай бэлдэц ашиглаж байгаа юм. Үүнээс бусад лампанд бэлдэц ашиглагдахгүй. Өөр аргаар хэрэглэгдэнэ гэсэн үг.

 

НҮБ-аас гаргасан техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд MNS4598-2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартад дараах нэмэлт заалт оруулсан. Үүнд:

Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын “Нийтлэг шаардлага” хэсэгт:

Замын хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсэхээс сэргийлж зүүн гар талын хөдөлгөөнд нийцсэн гэрлийн тусгалыг баруун гар талын хөдөлгөөнд нийцсэн гэрлийн тусгалтай болгож өөрчилж болно. Энэ тохиолдолд 0.86D-1.72R цэгт гэрлийн хүч 2500 кд-аас их, 0.57U-3.43L цэгт гэрлийн хүч 880 кд-аас бага байна.

Баруун гар талын хөдөлгөөнд нийцсэн тусгалтай их гэрлийн ойрын тусгалыг хэмжих самбар / R112/

Их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх зөвлөмж

1. Их гэрлийн линзний зарим хэсгийг халхлах /наалт наах/

2. Тусгалыг доош шилжүүлэх, мөн хэвтээ тэнхлэгийн дагуу тохируулах

3. Их гэрлийн тэгш хэмтэй бус тусгалыг арилгах, эсвэл бууруулах аливаа арга