“Роснефть” Монголын талд ашигтай байдлаар асуудлыг шийднэ

50

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өчигдөр УУХҮЯ-нд боллоо. Тэд ээлжит хурлаараа салбарын талаархи сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг олон нийтэд тайлагнав. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн нарын төлөөлөл оролцож мэдээлэл хийлээ.

Тухайлбал, АМГТГ-аас 2018 онд 291.8 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний 223.4 тэрбумыг нь газрын тосны экспортын орлогоос бүрдүүлнэ гэв. Тэд 2018 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 616.8 мянган баррель буюу 83.6 мянган тонн тос олборлож, 558.2 мянган баррель буюу 75.7 мянган тонн газрын тос экспортолжээ. Мөн “Алт-2 үндэсний” хөтөлбөрийн энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монголбанк 1128 килограмм алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 358 килограммаар илүү буюу 46.5 хувиар өссөн гэдгийг онцоллоо.

Харин газрын тосны хангамжийн хувьд энэ сарын 05-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа гэв. Тэгвэл бодлого, эрх зүйн хүрээнд “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах” ажлын хэсгийг байгуулж, эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа хуулиудын зөрчлийг арилгах зорилгоор Уул уурхайн салбарын багц хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн энэ үеэр АМГТГ-т 306 аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2018 оны хоёрдугаар сарын байдлаар 86 аж ахуйн нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдсөнийг дуулгалаа. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Хэвлэлийн хурлын үед хөндөгдсөн гол асуудлын нэг нь шатахууны үнийн нэмэгдэл, түүнд авч байгаа арга хэмжээний талаархи асуудал байв. Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид АИ-92, А-80 автобензины үнийг нэмсэн. Үүнтэй холбоотойгоор үнийн бодлого цаашид ямар байх, Роснефть компанитай уулзаж асуудлуудаа ярьсан эсэхийг тодруулахад дараах хариултыг өглөө.

АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн:

-2018 оны нэгдүгээр сарын 24-нд Засгийн газрын тогтоол гарч, А80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Тухайн үед компаниуд дээр хуримтлагдсан алдагдлын 60 орчим хувийг хаасан байгаа. Үлдсэн алдагдлаа нөхөх зорилгоор үнээ нэмж болохгүй гэсэн чиглэл барьж байсан. Хоёрдугаар сарын хилийн үнэ ирсэн. Зах зээл дээрх нефтийн үнэ нэмэгдсэнээс үүдэн дахиад литр тутамд 60 төгрөг нэмэгдэж байна. Өмнө нь 140 төгрөг, одоо 60 төгрөг нэмэгдэж байгаа нь огцом үнийн савлагаа үүсгэсэн. Үүнээс сэргийлж үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Энэ талаар компаниуд тухайн үедээ бидэнд мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэгэхээр зах зээлийн зарчмаар шатахууны үнэ өссөн тохиолдолд үнээ огцом биш аажмаар нэмдэг, хилийн үнэ буурах үед буурдаг байх тогтолцоонд орох хэрэгтэй байна” гэсэн тайлбарыг өгөв.

Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат:

-Өнгөрсөн оны долдугаар сараас хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс эхлэн газрын тосны үнэ аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байгаа. Үүнийг дагаад гадаад болон дотоод зах зээл дээр эерэг төлөв ажиглагдаж байна. Тэгэхээр ирэх гурав, дөрөвдүгээр сараас шатахууны үнэ буурах боломж харагдаж байна гэсэн тайлбарыг өгөв. Харин шатахуун импортлогчдын энэ мэт даварсан үйлдэлд Уул уурхайн яам дорвитой арга хэмжээ авахгүй байна гэсэн сэтгүүлчдийн шүүмжлэлд тус яамны сайд Д.Сумъяабазар хариулахдаа, “Шатахуунтай холбоотой үнийн асуудал жил бүр яригддаг. Салбарын яам хүчгүй ч юм шиг, хариуцлага тооцож чадахгүй байгаа нь стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэнтэй холбоотой. Манай улсаас өөр дэлхий дээр ийм улс байхгүй. БНХАУ, ОХУ-ын гээд бүгд нефтийн салбараа 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Бид шатахуун, нефть, мах, гурилаа бүгдийг нь хувьд шилжүүлээд, хувийн компаниудын “тоглолтод” орж, зохицуулалт хийх боломжоо алдчихаад байна. Магадгүй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад шатахууны бодлогоо зохицуулах ёстой. Хувьчилж болохгүй салбараа хувьчилсан. 2004 онд НИК компанийг хувьчлах нь буруу байсан. Үнэндээ бид шүдгүй арслан болчихоод байна” гэв. Харин хоёрдугаар сард “Роснефть” компанитай ээлжит уулзалтаа хийж, эерэг хандлага гарна гэсэн хариу өгснийг салбарын сайд онцлов. Тоо баримтын хувьд одоогоор тодорхойгүй байгаа ч Монголын талд ашигтай байдлаар шийднэ гэсэн нааштай хариу өгчээ. Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурал хоёрдугаар сарын сүүлээр Москва хотод болох бөгөөд энэ үеэр Д.Сумъяабазар сайд “Роснефть”-ийн удирдлагуудтай биечлэн уулзаад, мэдээлэл өгөхөө мэдэгдлээ.