Ж.Батзандан: С.Баярыг нээлттэй хэлэлцүүлэгт урья байз

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн нэр төрд удаа дараа халдсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгчээ. Тэрбээр, өнөөдөр мэдээллийн сайтуудаар ил захидал илгээж, өөрийг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьд буруутгасан, мөн хулгайч хэмээн зарласан учраас шүүхэд өгнө гэдгээ мэдэгджээ.

Экс Ерөнхий сайд С.Баяр ил захидалдаа “Өөрөө тодрон асч харагдах сонирхолын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.

Эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү” хэмээжээ.

Тэгвэл Ерөнхий сайд аснаас ил захидал хүлээж авсан Ж.Батзандан гишүүн өөрийн твиттер хуудсаараа “С.Баяр гуай намайг шүүхэд өгсөн дуулдана. Харин би С.Баяр гуайг “Эрдэнэт”-ийн 51 хувь, “Хан ресурс”-ын 150 тэрбум, Америкт авсан найман хаус, Оюутолгойн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгт урья байз. Сайхан шинэлээрэй” хэмээн жиргэжээ. Мөн Ж.Батзандан гишүүнийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан гэх шүүхийн шийдвэр ч өчигдөр гараад байгаа билээ.