О.Балжинням дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ

18

Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч ажил хөдөлмөрөөр бусдыгаа манлайлсан иргэдэд төр засгийн өндөр дээд шагнал гардуулдаг уламжлалтай билээ. “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр олон хүмүүс гавьяа зүтгэлээ төрт үнэлүүлэх нь ээ.

Тухайлбал, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Үндэсний бөхийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт (1989 он), жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Балжиннямд Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Мөн “Ээжийн цэнхэр нутаг”, “Оройтсон бороо” зэрэг дуугаараа олон түмний сонорыг олон жил мялааж яваа, ард түмний хайртай дуучин МУСТА М.Бямбажав энэ өдөр гавьяат цолоор энгэрээ мялаах аж.

Хамгийн их хүсч хүлээж байсан гавьяат бол “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Нялх Сэнгүм, “Илд цэцэг”, “Залуу нас”, “Шүүдэр дундуур”, “Ээж”, “Маш нууц”, “Миний ах атаман”, “Манан зүсэгч”, “Анхны харц”, “Хоёр ертөнц” зэрэг кинонд гол болон туслах дүрээр бүтээж, гавьяатын цолыг ард түмнээс хэдийнэ хүртчихээд байсан Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин цол хүртэж байна.