УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдах уу

99

УИХ-ын намрын чуулган завсарласан ч сар шинийн дараа ээлжит бусаар хуралдана гэх мэдээлэл бий. Тухайлбал, намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын олон гишүүд Засгийн газарт асуулга тавьсан билээ.

Нийгмийн анхаарлыг хамгийн их татаж буй “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар МАН, АН-ын гишүүдийн аль алинаас нь асуулга хүргүүлээд буй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ талаар асуулга тавьсан бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан тэргүүтэй улстөрчид мөн л энэ талаар Засгийн газарт хандаж “Тэд шуурхай хариу өгөх ёстой. Өгч чадахгүй бол хариуцлагын асуудал ярина” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Засгийн газарт тавьсан дараагийн асуулга нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол нарын гишүүдээс тавьсан улс орны хөгжлийн бодлогын тухай асуудал байжээ. С.Бямбацогт гишүүн энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Аливаа улс орон холыг харсан хөгжлийн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой зорилго, зорилтуудтай байж хурдтай хөгждөг жамтай.

Монгол төрийн бодлого ТОДОРХОЙ байж ТОГТВОРТОЙ хэрэгжих ёстой. Миний бие 2016 онд УИХ-д суудалтай намуудтай хамтарч “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсан.

Энэ хөгжлийн бодлого аль ч нам төрийн эрхэнд гарсан, хэн ч засгийн эрх барьсан тууштай хэрэгжих учиртай гэж үздэг. Тиймээс хөгжлийн бодлогын хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нарын нэр бүхий гишүүдтэй хамтарч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа” хэмээн жиргэжээ. Энэ мэтээр хүлээлт дагуулсан олон асуулгын хариу байгаа учраас УИХ ээлжит бусаар хуралдаж магадгүй байна. Энэ талаар албан бичиг үйлдсэн гишүүд ч гарын үсэг цуглуулж яваа сурагтай.