Битүү гаргах ёс

Битүү гаргах ёс монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болно. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.

Битүүний өдрийн тоглоом, наадгай

Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадгай. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь шагайгаар тоглох төрөл бүрийн тоглоом юм. Ахмадууд нь үлгэр домог ярьж, хүүхэд багачууд морь, тэмээ уралдуулж, хорол зэндмэни эвлүүлэх, алаг мэлхий өрж тоглодог. Дашрамд дурдахад, шагайгаар үргэлж наадвал хүний гар хурууны яс бэхэждэг төдийгүй ясны сийрэгжилт өвчин тусдаггүй хэмээн ярьдаг билээ.

Битүүний зоог

Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайн түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийн дөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг бэлэгшээдэг.

Битүүний өдөр цээрлэх зан үйл

Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ. Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.

Битүүний орой тотгон дээрээ яагаад мөс тавьдаг вэ

Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

Битүүний орой хиншүү гаргах ёсон

Битүүний өдрийг монголын нутаг нутгийн зон олон өөрийн ёс заншлаар тэмдэглэх нь бий. Зарим аймгуудад битүүний орой хиншүү гаргах ёстой хэмээн үздэг. Битүүний орой “битүүлэг”, “битүүлэх ёс”, “битүү хоол” идэх заншилтай. “Битүү хоол” гэдэг маань голдуу мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг хэлнэ. Битүү хоол идэх заншил нь удам угсаа, нутаг усаараа ялгаатайг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Говь Гурван Сайханы орчим нутгийнхан битүүний орой бууз жигнэхээсээ илүүтэй, хуушуур хайрахыг чухалчилдаг. Учир нь шинэ он гарч, Лхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу сайныг хиншүү гарган үлдэн хөөж байгаа юм гэнэ. Ийм учраас битүүний орой бол хангирсан одогч хуучин оноо энх түвшин, ёс намба төгөлдөр үдэж, шилжрэн ирэгч шинэ жилээ угтан тосох цагийн бэлчир дээр байгаагийн бэлгэдэл утга мөн.