“Ойрад” театрын дарга ажилчдаа тагнаж байжээ

10

Увс аймгийн “Ойрад” театрын нэр бүхий ажилтнууд Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр тус байгууллагын ажилтнууд өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд театрын үйл ажиллагаатай танилцаж, театрын ажилчдын ажиллаж, хөдөлмөрлөх эрх хийгээд ялгаварлан гадуурхалтаас ангид буй эсэхэд нь хяналт, шалгалт хийсэн байна.
Гэтэл уг шалгалтаар маш олон зөрчил илэрсэн тул Увс аймгийн Засаг даргад энэ сарын 12-ны өдөр шаардлага хүргүүлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Хүний эрхийн үндэсний комиссынхон театрын ажилчдаас “Ямар нэг байдлаар ажлын байрны дарамтад өртөж байсан уу” гэсэн асуулга авахад нийт 58 ажилчны 41 хувь буюу 24 нь “Тийм” гэж хариулсан байна. Улмаар “Хэрэв тийм бол хэн дарамт учруулж байсан бэ” гэсэн асуулгад нийт 22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамт үзүүлдэг гэж хариулжээ.

Мөн ажилчдын ихэнх нь театрын дарга албан байгууллагын хуралд “Та нар болгоомжтой байгаарай, ажил дээр хийж байгаа үйлдэл бүрийг чинь хянаж, чагнаж байгаа шүү. Та нар манай өрөөнд орж ирээд хэлэх, ярих зүйлээ сайн бодож байгаарай. Та нарын хэлсэн болгоныг бичиж аваад хадгалж байдаг төхөөрөмж надад бий” гэх зэргээр дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлдэг талаар ярьсан байна.
Хүний эрхийн үндэсний комиссын шалгалтаар “Ойрад” театрын дарга Б.Лхагвасүрэн ажлынхаа өрөөндөө тухайн байгууллагад болж буй бүх үйл ажиллагааг хянадаг сонсох, чагнах төхөөрөмж байршуулсан байснаас гадна ажилтнуудын бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн хяналтын камер байрлуулсан байсан нь илэрсэн аж.
Үүгээр зогсохгүй ёс бус аргаар олж авсан энэ төрлийн мэдээллээ хувь хүний зөвшөөрөлгүйгээр ашиглан бусдад түгээж, нэр хүндэд нь ноцтойгоор халдаад зогсохгүй удаа дараа дарамт, шахалт үзүүлж ирсэн аж. Тухайлбал, 2017 оны зургаа болон аравдугаар сард тус дуу, дүрс бичлэгийн камерт бичигдсэн уран бүтээлч У.Баатар, Ч.Энхтөр, Д.Цэвээнчимэд нарын үйлдлийг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын дарга нарын 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн хурлаар нийтэд дэлгэцээр үзүүлж, дээр дурьдсан ажилтнуудын нэр хүнд, эрхийг ноцтойгоор зөрчжээ.

Угтаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 33 дугаар зүйлд “Хүн бүр … эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын есдүгээр зүйлийн 9.1-т “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт “…халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж зааснаас гадна Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хууль бусад холбогдох хууль тогтоомжоор хувь хүний нууцад хамаарах асуудлыг зохицуулж, түүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Иймээс тус театрын даргын өрөөнд байрлуулсан гэх сонсох, чагнах төхөөрөмж болон дуу, дүрс бичлэгийн камерын асуудлыг таслан зогсоох, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авахыг шаардлагад дурьдсан байна.