Д.Сарангэрэл: Иргэдтэйгээ хамгийн ойр ажиллаж ирлээ

47

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа өчигдөр тайлагнав. Мэдээллийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар хийсэн юм. Тус байнгын хороо УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд 13.440 иргэнээс 1309 өргөдөл хүлээн авчээ. Түүнээс 74 буюу 5.6 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн байсан бол 80 гаруй нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байсан аж. Харин УИХ-ын гишүүний нэр дээр хаягласан 180 өргөдөл ирсэн байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж намрын чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн гэв. Энэ хугацаанд 8.678 иргэний өргөдлийг дөрвөн удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцлов. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа юм байна. Өргөдлийн байнгын хороо долоон удаа хуралдаж, мөн тооны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж хоёр тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр гурван удаа Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэжээ.

Түүнчлэн, намрын чуулганы хугацаанд агаарын бохирдлыг бууруулах тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг, даалгаврыг Засгийн газарт болон УИХ-д өгөхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулж, хоёр удаа хуралджээ. Мөн Засгийн газарт найман заалт бүхий хугацаатай үүргийг тус байнгын хорооны тэмдэглэлээр өгсөн байна. Нөгөөтэйгүүр, иргэдээс “түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгт хүрдэггүй, хүмүүст түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байгаа тухай гомдол их иржээ. Газраа чөлөөлүүлж, орон сууцгүй болсон иргэдийн асуудал, зураг төсөл батлагдаж санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалтад хамрагдсан байруудын санхүүжилтийг шийдвэрлүүлэх гарцыг холбогдох байгууллагад уламжлах нь зүйтэй гэж дүгнэж таван заалт бүхий үүрэг даалгаврыг Засгийн газарт хүргүүлсэн аж.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Бид ирсэн өргөдөл бүхэнд хариуцлагатай, хянамгай хандаж байгаа. Ямар ч байсан улс эх орны болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд ач холбогдол өгч ажилласан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэвч бодитой үр дүн гарахгүй байсаар өнөөдрийн хүрсэн” гэв. Харин тус байнгын хороог даргалж байсан, Эрүүл мэнд сайд Д.Сарангэрэл “УИХ-ын бүтцээс Өргөдлийн байнгын хороо нь ард иргэдтэйгээ амьд холбоотой байдаг цорын ганц байнгын хороо. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд олон хүнээс өргөдөл хүлээн авсан. Өргөдлийн бүтцийг харахад агаарын бохирдолтой холбоотой асуудал түлхүү байна. Агаарын болон хөрсний бохирдол, Туул голын бохирдол зэрэг нийгмийг бухимдуулсан, цочроосон бас шийдэл хүлээсэн асуудал болсон байна. Утаатай холбоотой асуудлыг огт таслалгүй авч явсан. Олон ч үйл ажиллагаа явуулсан. Үр дүн нь гарч байгаа гэж хэлнэ” гэв.