Москвад осолдсон онгоцны хурд хэмжигч нь хөлдсөн байжээ

12

ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо зорчигч тээврийн онгоц осолдож, зорчиж явсан 71 хүн бүгд амиа алдсан харамсалтай осол гарсан билээ. Эдүгээ албаныхан ослын газраас хохирогчдын цогцсыг цуглуулж, онгоц ямар шалтгаанаар осолдсоныг тодруулахаар ажиллаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр урьдчилсан байдлаар онгоцны ослын газарт ажилласан багийн дүгнэлт гарчээ. Тодруулбал, онгоцны нислэгийн хурдыг тохируулах үүрэгтэй төхөөрөмж нь хөлдөж, хурдаа хянах боломжгүй болсон нь 71 хүн амиа алдсан харамсалтай осол болох шалтгаан болсон байна.

Хэргийг эргэн сануулбал, энэ сарын 11-нд ОХУ-ын Саратов эйрлайнс компанийн Антонов-148 загварын зорчигч тээврийн онгоц Уралын уулархаг бүс нутагт орших Орскийг чиглэн Домодедово нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа төд удалгүй Москвагаас 70 км-ын зайд сүйрсэн юм. Тус онгоцонд нисэх багийн зургаан гишүүн, 65 зорчигч зорчиж явсан билээ.