Сар шинийн мэндчилгээ

58

Хөгжил дэвшлийн хүрднээ тодрон зурайх тэртээ алсаас өнөөг хүртэл өртөөлөн давхисан төмөр хүлгийн эзэд, үе үеийн тээвэрчид, ахмадууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, автотээврийн салбарын нийт хамт олон та бүхэндээ Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн мэндийг дэвшүүлье.

2018 оныг бид бүхэн “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай үйлчлэхийн тулд орон нутгийн Засаг дарга нартай гэрээ байгуулан, автотээврийн салбар, төвүүдийн үйлчилгээний байрыг шинэчлэн засварлаж, тав тухтай үйлчилгээг иргэдэд хүргэх, улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, зорчигчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ачаа тээшийг хянаж, хадгалах нэгдсэн зохион байгуулалтад оруулж, зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүллээ. Автотээврийн салбараар үйлчлүүлэгч иргэд, олон нийтэд бид үйлчилгээгээ улам ойртуулж, Дорнод аймгийн Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур, Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлт хийх шинэ шугам нээсэн нь манай хамт олны хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм.

Мөн тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох төхөөрөмжөөр тоноглож, 24 цагийн хяналтыг бий болгохын зэрэгцээ вокзалын үйл ажиллагааг 24 цагийн үйл ажиллагаатай болгосон нь иргэддээ чиглэсэн ажил боллоо. Түүнчлэн иргэд зорчигчдыг мэдээ мэдээллээр шуурхай хангах зорилгоор “Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234” тусгай дугаарын үйлчилгээг бий болгосон нь иргэд, олон нийтийн талархлыг хүртээд байна. Ачаа тээвэрлэлтийг боловсронгуй болгож, нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар Гашуунсухайт боомтод тулгараад байсан асуудлыг шийдэж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулахад томоохон үүрэг гүйцэтгэлээ.

Дэлхийн 50 гаруй орны 120 байгууллагын гишүүнчлэлтэй НҮБ-ын Европын Эдийн Засгийн Хороо болон Европын Холбооны Хорооноос автотээврийн салбартай холбогдох ашгийн бус, мэргэшсэн байгууллага мөн хэмээн хүлээн зөвшөөрч, CITA буюу Техникийн хяналтын олон улсын хороонд гишүүнээр элсэн олон улсын төвшинд ажиллаж эхэлсэн нь бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн гэдгийг энд онцлон тэмдэглэе.

Цаашид тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангасан бодит үнэ бүхий хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг олон нийтэд хүргэж, улам сайжруулахын төлөө эрч хүч, итгэл тэмүүлэл дүүрэн зүтгэхэд та бүхнийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Манай орны эдийн засгийн бүтцийн томоохон салбар, хөгжлийн нэгэн тулгуур болсон автотээврийн салбартай ажил амьдралаа холбож, улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ахмадууд, эрхэм тээвэрчид та бүхэндээ сар шиний мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл өргөе.

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ