Дорнод аймагт түймэр гарчээ

7

Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн нутаг Зүрхийн даваа гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 50 км-т Хилийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставаас зүүн зүгт хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 16:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн дөрвөн хүн, нийт 27 хүн, гурван автомашинтай 18:10 цагт очиж ажиллан 19:40 цагт бүрэн унтраажээ. Түймрийн цурмыг бүрэн унтрааж, аюулгүй болгох ажлыг хилийн цэргийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставын хилчид хариуцаж байгаа юм байна.

Энэ жил Дорнод аймгийн ихэнх сумдад цас бага орж хараар өвөлжиж байгаа бөгөөд хаврын хуурайшилт эрт эхлэх төлөвтэй байгаа аж. Цас бага унасан сумд, ялангуяа ойт хээрийн бүсийн сахлаг өвстэй тал, нуга, хөндийд авто машины яндан, тамхины цог, гэрийн яндан зэргээс оч хаяж, гал гарах магадлал өндөр байдаг аж. Тиймээс малчид, иргэд, зорчин явагсдыг гал түймрийн аюулаас сэргийлж, анхаа­рал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.