“Шимэгч” Оскарын шилдгийг хамлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-02-12

Кино урлагийн шилд­гүү­дийг тодруулах 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын Dolby театрт болж өндөрлөлөө. Энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын гол шагнал болох Шилдэг уран сайхны кино номинацид Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон Игийн “Шимэгч” уран сайхны кино тэргүүлж, Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд Уран сайхны шилдэг киногоор шалгарсан гадаад хэл дээрх анхны уран сайхны кино болон тэмдэглэгдэн үлдлээ. 

“Шимэгч” уран сайхны кино нийт зургаан номинацид нэр дэвшсэн байсан бөгөөд Шилдэг уран сайхны кино номинациас гадна Шилдэг найруулагч, Шилдэг кино зохиол, Гадаадын шилдэг кино номинацийн шагналыг тус тус хүртэж, Оскарын шилдгийг хамлаа. 

Оскарын наадмаас өмнөх таамаглалд “1917” кино шилдгээр нэрлэгдэж байв. Азийн кино урлагт нэгэн шинэ түүх бүтээсэн БНСУ-ын найруулагч Бон Жон И шилдгийн шагналыг гардах мөчдөө “Оскарт нэр дэвшсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Харин шагнал гардаж авсны дараа зүгээр л амармаар санагдаж байна. Өнөөдөр үүр цайтал ууна аа” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. 

Энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Жокер” кинонд тоглосон Хоакин Феникс шалгарсан бол Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Америкийн алдарт жүжигчин, дуучин Жуди Гарландын дүрд тоглосон жүжигчин Рене Зеллвегер тодорчээ. Кино шүүмжлэгчид хийгээд үзэгчдээс өндөр үнэлэлт авсан Жокер кино энэ удаагийн Оскараас хоёр “Алтан хүн” авсан бөгөөд жүжигчин Хоакин Фениксийн тухайд шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорно гэх хүлээлт аль хэдийнэ үүссэн байсан юм. Тэгвэл уг хүлээлтийн дагуу тэрбээр шилдгийн шагналыг гардаж, шүтэн бишрэгчдээ уйлууллаа. Хоакин Феникс эдүгээ 45 настай. 1982 оноос өнөөдрийг хүртэл 38 жил кино урлагт зүтгэхдээ анх удаа Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж байгаа нь энэ юм. 

Шилдгүүдийн жагсаалт: 

Шилдэг дууны найруулга 
1917

Шилдэг дууны эвлүүлэг 
Ford vs Ferrari

Шилдэг хөгжим 
Joker

Шилдэг туслах дүр эрэгтэй 
Брэд Питт, Once Upon a Time... in Hollywood
Шилдэг богино хэмжээний анимэ 
Hair Love

Шилдэг кино 
Parasite

Шилдэг эмэгтэй жүжигчин 
Рене Зеллвегер (Judy )

Шилдэг богино хэмжээний экшн-кино
The Neighbors’ Window
Шилдэг эрэгтэй жүжигчин 
Хоакин Феникс, (Joker)

Шилдэг найруулагч
 Пон Жун-хо, (Parasite)

Шилдэг гадаад кино 
Parasite, БНСУ

Шилдэг дуу 
(I’m Gonna) Love Me Again, 
(Rocketman)
Шилдэг нүүр хувиргалт, үс засалт 
Bombshell

Шилдэг хувцас загвар 
Жаклин Дюрран, (Little Women)

Шилдэг оператор 
Рожер Дикинс, 1917

Шилдэг хүүхэлдэйн кино
Toy Story 4