Францад болох Чингис хааны тухай үзэсгэлэнг Хятадын талаас болж цуцалжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-13

Энэ сарын 17-ны өдөр Францын Нант хотын түүхийн музейд Их Эзэн Чингис хааны тухай "Тэнгэр газрын хүү-Чингис хаан ба Монголын эзэнт гүрний үүсэл" нэртэй үзэсгэлэн зохион байгуулагдах байсан аж. Уг  үзэсгэлэнг  ӨМӨЗО-ны Хөх хотын музейтэй хамтран зохион байгуулахаар байсан бөгөөд ирэх 2024 он хүртэл хойшлуулсан талаар "Chateaunantes.fr" сайтад мэдээлсэн байна. Хойшлогдох болсон  шалтгаан нь  Хятадын Засгийн газраас тавьсан саналыг Францын тал хүлээж аваагүйгээс уг гэрээ цуцлагдсан гэв. Тодруулбал,  БНХАУ-ын Засгийн газар  үзэсгэлэнд “Монголын эзэнт гүрэн”, “Чингис хаан” зэрэг үгсийг огт ашиглахгүй байх болзол тавьжээ.  Мөн үзэсгэлэнгийн агуулгад Хятадын тал хяналт тавьж, Монголын эзэнт гүрний тухай түүх, газрын зураг, текстийг Бээжингийн өв соёлын алба дахин засварлан, өөрсдийнхөөрөө зохиох шаардлагатай гэж заажээ.

Тиймээс Францын талаас “Хятадын тал хэт нэг талыг барьж, Монголын эзэнт гүрний түүхийг гуйвуулах, Хятад дахь монгол угсаатан буюу үндэсний цөөнхийн эсрэг хатуу байр суурьтай байгаа учраас үзэсгэлэнг 2024 он  хүртэл хойшлуулахаас өөр аргагүй боллоо"  хэмээн мэдэгджээ.