Сайхан бүсгүй тэмцээний ялагч Э.Энхриймаа шагналын мөнгөө сайн үйлсэд хандивлав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-08

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлсэн цагаас хойш 30 жилийн ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг өнгөрч зургадугаар сарын 30-нд “Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан билээ.

Үе үеийн сайхан бүсгүйчүүд нэгдэн зохион байгуулсан тус уралдаан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриатай, нийгэмд зөв бодол, зөв үг, зөв үйлдэл, зөв хандлага бий болгох зорилготой байсан юм. Тэгвэл 11 жил завсарласны эцэст дахин ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Орхон аймгийн харьяат Э.Энхриймаа шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон юм.  Э.Энхриймаа 21 настай бөгөөд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй бүсгүй аж.

Тэгвэл сайхан бүсгүй маань шагналын 20 сая төгрөгөө бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхдэд 100 хувь хандивлаж, хашаа байшинтай болгож өгчээ. Нэгэн гэр бүлд гэрэл гэгээ бэлэглэсэн, сайхан бүсгүйд уншигчдынхаа өмнөөс аз жаргал, эрүүл энх, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.