Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо толилуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-08

Үндэсний их баяр наадмаар Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, Жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар "Монгол сонгодог" тоглолтоо монголчууддаа толилуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 12-ны 21.00 цагаас эхлэх бөгөөд дуучин бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон аж.

Тэрбээр, анх удаа баяр наадмын хаалт болгож, “Монгол сонгодог” гала концертыг толилуулахаар болсон нь энэ юм. Тоглолтод монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдохоос гадна монголын шилдэг уран бүтээлчид урилгаар оролцож ая дуугаа өргөх юм байна.

Тухайлбал, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА Б.Батжаргал, СТА Ц.Амарболд, СТА С.Батчимэг нар оролцох бөгөөд Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим , Улсын Филармоны синфони найрал хөгжим,
Удирдаач, МУУГЗ Н.Туулайхүү, МУУГЗ Буянбаатар нарын чадварлаг уран бүтээлчид оролцох аж. Тоглолтын Ерөнхий найруулагчаар МУУГЗ Г.Цоггэрэл ажиллаж байгаа бөгөөд нийт 200 гаруй хүний бүрэлдхүүнтэй баг ажиллаж байгааг Г.Ариунбаатар гавьяат дуулгалаа.