Сонгодог урлагаас дахин залуу гавьяат төрлөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-09

Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар хамгийн залуу буюу 21 насандаа сонгодог урлагийн олимпт тэргүүлж, гавьяатын тэмдэг энгэртээ зүүж байлаа. Тэгвэл өнөөдөр соошл орчинд “од” болж буй 23 настай О.Анужин гэх бүжигчин бүсгүй түүний дараа гавьяатын цолыг энгэртээ зүүсэн залуу гавьяат болж байна.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Анужин нь 13 наснаасаа эхлэн тайзнаа дүр бүтээж эхэлсэн бөгөөд 21 насандаа БНСУ-д болсон  “Korea international ballet competition” Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртжээ. Уг уралдаанд дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон аж. Харин энэ жил амжилтаа ахиулж, хэдхэн хоногийн өмнө “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтын эзэн болсон байна.

Монголын сонгодог урлагийн тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж, сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг амилуулаад зогсохгүй, дэлхийн шилдэг есөн эмэгтэй бүжигчний нэг болсон залуу гавьяатын цаашдын амьдралд нь аз жаргал хүсье. Тэрбээр, шагнал авсныхаа дараа “Ер бусын аз жаргалтай өдөр байна. Энэ бол илүү их хариуцлага юм. Цаашдаа илүү чанартай бүтээл гаргахын төлөө хичээх болно” хэмээлээ.

Б.Тогтох