“ZURA in WINTER” шоуг хамгийн их үзэлттэй контентоор нэрлэжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-17

Гаргасан бүтээл бүхнээрээ үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч чаддаг хөдөлмөрч залуус бол “Фантастик”-ийнхан. Тэд зүгээр нэг мөнгө олох гэсэн хямдхан контент бус гаргасан уран бүтээл бүхнээ судалгаатай, нарийн учигтай, нөр их хичээл зүтгэл гарган хийдэг учраас “Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтагбогд”, “Миний ах атаман”, “37-р точка” зэрэг бүтээлүүд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.

Тэгвэл онц сонирхолтой нэг ангит кино болох “Zura” бүтээлээрээ нэрлэсэн шоу контент нь сар шинийн өдрүүдэд мөн л уйдах зав өгсөнгүй. Хөл хорионд орж, өдөржин зурагт үзэж буй иргэдийн тухайд энэ өдрүүдэд МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн баярын контентоос гадна ZURA in WINTER шоуг сайн контент хэмээн нэрлэжээ.

Тодруулбал, Univision, SKYmedia, LookTV, SkyGO, DDish -н IP TV-д орсон сар шинийн баярын хөтөлбөрүүдээс хамгийн их үзэлттэй, үзэгчдийн таашаалд нийцсэн, дэлгэцийн өмнө уяж чадсан бүтээл болж чаджээ. Монголд өмнө нь гарч байсан шоу контентуудаас хамгийн их үзэлттэй бүтээл болсон байна.

Уран бүтээлчдийн тухайд хоёр баг болон хуваагдаж, монгол үндэсний шагай харваа, морь уралдуулах, нохой чаргатай уралдаан зэрэг тоглоом, наадгайгаар хоорондоо өрсөлдөх бөгөөд ялагдсан баг нь шийтгэл хүлээдэг. Үзэгч таныг уйдах зав ч өгөхгүй хөгжилтэй, өрнөлтэй, тэмцэл нь ч ширүүхэн. Залуу уран бүтээлчид энэхүү шоугаар өнөөгийн нийгэмд мартагдаж буй, хүүхэд залуусын тэр болгон мэдэхгүй үндэсний тоглоом наадгайг давхар сурталчилснаас гадна нөхөрлөлийн үнэ цэнийг мөн залуу үед ойлгуулахыг чухалчилжээ.