"Монгол уламжлалт гар урлал" үзэсгэлэн худалдаа болно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-23

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран ирэх сарын 11-15-нд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулна. 

Энэхүү наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын VI их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид  Hүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. Энэ үеэр Соёлын биет бус өвийн ай савд багтах  “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах аж. 

Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх,  гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой юм байна. 
Тус үзэсгэлэн, худалдааг Монголын үндэсний хувцас, Уламжлалт эсгий, Арьс шир, Монгол зураг, Монгол сийлбэр, Уран хатгамал, оёдол, нэхэх сүлжих, Наамал, Үндэсний хөгжмийн зэмсэг, Мал аж ахуйн тоног хэрэгсэл, Монгол дарханы гар урлал гэсэн төрлөөр зохион байгуулах юм. Энэ үеэр бүтээгдэхүүнээ олон түмэнд дуудлага худалдаагаар худалдаалах боломжийг оролцогчдод олгох аж.