Дуурийн дуучин Э.Амартүвшинг Ардын жүжигчин цолоор шагнажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-24

Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа алтан баритон Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын АМАРТҮВШИН “Ардын жүжигчин” цолоор шагнуулжээ. Тэрбээр, өнөөдөр Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авах юм байна. 

Тэрбээр, Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалж яваа бахархал болсон дуучин юм. Э.Амартүвшин нь 2004-2009 онд СУИС-ийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлаг дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа ДБЭТ-аас эхэлж байсан шилдэг дуучин юм.

Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байсан.

-2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,

-2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,

-2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,

-2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,

-2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. 2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан дэлхийн дуучин болсон түүхтэй. 2021 онд дэлхийн  "Шилдэг Баритон” дуучнаар шалгарсан Монголын бахархалт дуучин юм.