Н.Сувд: Театрын ахмад үеийнхний сэтгэл, хүсэл шагнал болж энгэрт гялалзлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Монголын шинэ цагийн театр урлагийн байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдэд шагнал гардуулав. Өнөөдөр УДЭТ-аас хоёр Хөдөлмөрийн баатар төрөн гарав. Тодруулбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нар "Хөдөлмөрийн баатар" гэх эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо. Ингээд уншигч та бүхэнд шинэхэн Хөдөлмөрийн баатар Н.Сувдын сэтгэгдлийг хүргэж байна. 

Хөдөлмөрийн баатар Н.Сувд:

-Бүгдэд нь маш их баярлалаа. Телевиз үзэж буй бүх хүнд баярлалаа. Шинэ Монгол Улсад орчин үеийн мэргэжлийн театр үүсгэн байгуулах гэж итгэл зүтгэл, оюун санаа, авьяас билгээ дайчилж байсан ахмадууд та нартаа баярлалаа. Тэд маань тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэдний итгэл, сэтгэл, хүсэл шагнал болж бидний энгэрт гялалзлаа.

Үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Та нарын дэмжлэгээр мэргэжлийн театр энэ хүртэл оршин тогтнож, дэлхий дахинд нэрээ гаргаж байдаг юм шүү. Манай "Саран ээж”-ийнхэн гадаа зогсож байна. Мөн "Эх үрс энэрэл хөдөлгөөн”-ийхөндөө баярлалаа. Бид хамтдаа зүтгэх юм бол дэлхийд нэрээ дуурсгаж чадна. Бүх хүнд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.