“Улаан шугам” баримтат уран сайхны киноны нээлт болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-15

Ковид19 /CO19/-өөр үүсгэгдсэн цар тахал гэж чухам ямар халдварт өвчин болох, иргэд хэрхэн нүүр тулж эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа болон бусад байдлаар хохирч байсан, цар тахлыг даван туулахын тулд хамтаараа, улс орноороо, тэр дундаа эрүүл мэндийн салбар, эмч, мэргэжилтнүүд галын шугамд яаж ажиллаж, тэмцсэн хийгээд энэ үед гарсан алдаа, оноо бүхэн нь бидэнд, бидний хойч үед түүх, туршлага, сургамж болох юм.

Тиймээс ч өнөөдөр дэлхийн улс орнууд ковид цар тахалтай хэрхэн нүүр тулсан талаарх өөрийн орны түүхийг “Front line”, “Together strong” зэрэг уран бүтээл болгон баримтжуулан авч үлдэж байна. Үүний нэг нь “VAST MONGOLIA” продакшины бүтээсэн “Улаан шугам” баримтат кино юм.

Тус киноны гол үйл явдал нь Монгол Улсад ковидын халдвар хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны зургадугаар сараас өрнөж 2021 оны есдүгээр сар хүртэл үргэжилнэ. Мөн ковидын халдвар дотоодод алдсан 2020 оны 11 сараас эхлэн 2021 оны 08 сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтууд зохиолд бүрэн тусгагдсан. Баримтат киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч зохиомжгүй бодит учир тэдний ажил амьдралын бодит түүх дээр тулгуурлан кино зохиолыг гаргажээ.

Зураг авалтыг цар тахлын үед ковидыг эмчлэх эмчилгээ үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны нэгэн адил хийж байсан, одоо ч хийж байгаа томоохон эмнэлэг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг мөн хамаарал бүхий байгууллага НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллага дээр хийж гүйцэтгэсэн.

Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг баримтлан киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан дохионы хэл, хадмал орчуулгатай хийлээ. Мөн хүний эрхийг хүндэтгэн ХЭҮК-ийг зөвлөхөөр ажиллахыг албан ёсоор урьж, хамтран ажилласандаа таатай байна. “Улаан шугам” баримтат киноны 2021 оны 12 сарын 18-ны өдөр үндэсний олонх ТВ-ээр олон нийтэд анх удаа хүрнэ.