Ч.Номин: Каннын кино наадамд Монголын уран бүтээлчид тогтмол оролцоно

O.Admin
2022-02-16

Засгийн газрын өнөөдрийн  /2022.02.16/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудал танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.

Ингэснээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид:          

  • Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцож, Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа сурталчлах боломжтой болж байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

““Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын тэргүүлэх зургаан чиглэлийн нэгийг “бүтээлч үйлдвэрлэл” гэж тодорхойлсон байдаг.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд  аж үйлдвэрийн салбарын хөгжил, эрчим хүч, дэд бүтцээс гадна аялал жуулчлал, ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах зорилт, хөтөлбөрүүд тусгагдсан.

Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн хуралдаанаар Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Венецийн биенналь болон Каннын кино наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэлээ. Дүрслэх урлаг болон кино урлагийн салбарт зүтгэж байгаа мянга, мянган уран бүтээлчдийн өмнөөс баяртай байна. Энэ бол бодит дэмжлэг.

Дүрслэх урлаг болон кино урлаг нь нийгмийн амьдралд чухал байр суурь эзэлдэг. Бодит байдлыг дүрслэн харуулах, нийтийн ёс суртахууныг төлөвшүүлэх өвөрмөц чанараараа оюун санаанд нөлөөлөгч салбар. Монгол хүний оюуны бүтээлийг зохиогчийн эрхэд тулгуурлан дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит боломжтой болж байна.

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д  тогтмол оролцох нь Монгол Улсын дүрслэх урлаг, кино урлагийн бүтээлийг бодитоор дэмжих, уран бүтээлчдийн хамтын ажиллагааны боломжийг олон улсад сурталчлан таниулах, улмаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Бусад улс орны хувьд “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь бүх талын дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэн, орчин үеийн урлагийн мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж ирсэн. Харин Монгол Улсын хувьд соёлын асуудал эрхэлсэн тусгайлсан яам байхгүй түүнчлэн тус наадмын ач холбогдлыг бүрэн ойлгож чадаагүйгээс дүрслэх урлагийн хувийн байгууллага санхүүжилт босгох, зохион байгуулах хүндхэн ачааг үүрч ирсэн байдаг юм.

Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадам ч гэсэн ялгаагүй улсаас тодорхой дэмжлэг үзүүлж байгаагүй. Цаашдаа Соёлын яам бүх талаар дэмжиж ажиллана.

Мөн Каннын олон улсын кино наадамд Монгол Улс тогтмол оролцсоноор Монгол Улсын уран бүтээлчид болон кино бүтээл,  кино урлагийн салбарын хөгжил, хамтын ажиллагааны боломжийг олон улсад сурталчлан таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр, ашгийг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэх юм.

Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн онд баталсан. Энэ хууль батлагдсанаар бид дэлхийн томоохон хэмжээний киног Монголд хийх, бүтээх боломжийг бий болгосон. Үүнийгээ Каннад сурталчлах боломжтой болж байна. Олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон продюсерүүдийг Монголд урих, хамтран ажиллах гэх мэт ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Холливүүдийн дөрвөн кино продакшнтай хамтран ажиллах суурь нь тавигдсан. Энэ оны зургаадугаар сард эхний зураг авалтаа Монгол Улсад эхлэхээр төлөвлөгдсөн” гэлээ.