iPhone 14 гар утсыг өнгөрсөн шөнө танилцууллаа

O.Admin
2022-09-08

Apple” компанийн энэ жилийн хамгийн том танилцуулах арга хэмжээ боллоо. Тус үйл ажиллагааг нээж гүйцэтгэх захирал Тим Күүк үг хэллээ.

Шинэ бүтээгдэхүүний эхнийх нь "Apple Watch Series 8". Өмнөх загвартайгаа төстэй харагддаг шинэ хувилбар нь мөн өмнөх шигээ нойр, фитнесс, цусны хүчилтөрөгчийн хэмжээг хэмжихээс гадна агаарын температур хэмждэг болжээ.

Температур хэмжигч нь эмэгтэйчүүдэд зориулан сарын тэмдэг ирэх үеийн тооцоог хийж хянахад нь туслах бөгөөд хувь хүний нууц дээд зэрэглэлээр хамгаалагдана гэв.

Мөн шинэ бугуйн цаг нь авто осол, дугуйгаас унах зэрэг гэнэтийн аюулын үеийг мэдэрч түргэн тусламж дуудахад хялбар болгох аж.

Батарейн хувьд бага цэнэгээр ажиллах хэлбэр нэмсэн бөгөөд бүтэн цэнэгээр 36 цаг ажиллах боломжтой.

Өнгө: Midnight /Шөнө/, Starlight /Од/, Silver /Мөнгөлөг/, Project Red /Улаан/ гэсэн сонголттой.

Үнэ: GPS-тэй хувилбар 399 ам.лоллар, үүрэн хувилбар нь 499 ам.доллар. Apple Fitness Plus-ын 3 сарын эрх дагалдана.

Хэзээ: Есдүгээр сарын 16-аас худалдаалагдана.

Apple Watch SE 2 шинэ загвар нь хоёр өнгөний сонголттой ба өмнөх загвараас 20 хувиар хурдан Apple Watch 3-аас 30 хувь том дэлгэцтэй.

Үнэ: 249-299 ам.доллар байгаа нь өмнөхөөсөө хямдарсан байна.

Apple Watch Ultra загвар нь өмнө байгаагүй том дэлгэцтэй болжээ. Илүү бат бөх титан гадаргуудтай, нарны гэрэлд ч төвөггүй харагдах том дэлгэцтэй ба бээлийтэй үед ашиглах хажуугийн товчтой, илүү тод дуугарахын тулд хоёр чанга яригчтай. Бүх Apple Watch Ultra загварууд үүрэн холболттой. Үнэ 799 ам.доллар бөгөөд есдүгээр сарын 23-аас худалдаалагдана.

Air Pods Pro 2 шинэ загварыг дээш, доош илэхэд сонсож буйгаа дуугаа чангалж, суллах боломжтой болжээ. Мөн гар утаснаасаа чихэвчээ хайж олох функц нэмсэн ба гаднын чанга чимээг багасгах технологи нь хоёр дахин хүчтэй болсон гэв.

Үнэ 249 ам.доллар бөгөөд есдүгээр сарын 9-нөөс захиалж 23-аас авах боломжтой.

iPhone 14 гар утас 6.7 инчийн хэмжээ бүхий дэлгэцтэй болж томорсон ба iPhone 14 Plus-ын хамт "A15 Bionic" чипээр тоноглогджээ. Камерууд хоёр дахин хүчирхэгжсэн ба видео бичлэг хийхэд зориулсан Action хэлбэр нэмэгджээ.

Шинэ iPhone-ийн нэг гайхалтай зүйл нь сим карт шаардлагагүй болжээ. Сим картын зайг e-SIM гэх шинэ технологиор сольсон бөгөөд хэрэглэгчид энэхүү дижитал симны тусламжтайгаар нэг утас дээр олон дугаартай болж, дугаараа өөр утас руу шилжүүлэхэд сим зөөх шаардлагагүй болсон байна.

iPhone утас одоогоос хиймэл дагуултай холбогдож яаралтай үед мэдээлэл илгээх, хүлээн авах боломжтой болжээ. iPhone 14 799 ам.доллар үнэтэй есдүгээр сарын 16-аас iPhone 14 Plus 899 ам.доллар үнэтэй аравдугаар сарын 7-оос худалдаалагдана.

“Pro” загвар нь өндөр хурдтай “A16” чип, үргэлж асаалттай байдаг дэлгэц, 48 мегапикселийн үндсэн камераар тоноглогджээ. Шинэ LTPO технологийн ачаар дэлгэц нь унтрахгүйгээр бүдгэрч мэдээлэл харуулсаар байх ба батарей идэхгүй гэж мэдэгдэв.

iPhone 14 Pro 999 ам.доллараар iPhone Pro Max нь 1099 ам.доллараар худалдаалагдана энэ сарын 16-аас. Энэхүү утсыг Тим Күүк "Бидний бүтээсэн хамгийн сайн iPhone" хэмээн онцоллоо.