Б.Шаравын нэрэмжит орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-07

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит "Сэрсэн тал" дуу хөгжмийн наадмын хүрээнд Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан өнөөдөр  Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд эхэлж байгаа ажээ.

Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлтэд МУАЖ А. Долгор, МУГЖ Г.Эрдэнэбат,МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Д. Ариунбаатар, МУСТА Б.Урангоо, МУСТА Д.Отгонжаргал нарын уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирж хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт бүтээлүүдийг тайзнаа эгшиглүүлэх юм байна. Уралдаан 9-нийг хүртэл гурав хоног үргэлжилнэ. 

Бямбасүрэнгийн Шарав нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул бөгөөд 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Тэрбээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн.. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллажээ.