“Miss Universe-2018” уралдаанд Д.Долгион эх орноо төлөөлөн оролцоно

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-19

Mонголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe Mongolia” уралдааны ялагч тодорлоо. Энэхүү уралдаан гурван сарын хугацаанд үргэлжилж, үндэсний ялагчаа шалгаруулсан билээ. Уралдааны ялагчаар Д.Долгион тодорч, тэргүүн шагналын титэм хүртсэн байна. Д.Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын үндэсний ялагч болж, Японд болсон ”Miss International 2012” тэмцээнд оролцож байсан юм. Уралдааны дэд байрт “Мисс Монголиа-2010” уралдааны дэд байрын эзэн, “Дэлхийн мисс”-ийн 2014 оны шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож байсан Т.Батцэцэг шалгарсан аж.

“Miss Universe” гоо сайхны олон улсын уралдаан нь энэ төрлийн бусад шалгаруулалтаас онцлогтой буюу хамгийн ардчилсан нь гэгддэг. Тухайлбал, энэ жил уралдааны түүхэнд анх удаа Испани улсыг төлөөлж Анжела Понсе гэх трансжендер бүсгүй 90 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр сонгогдоод байгаа бол Монголын шалгаруулалтад трансжендер мисс Б.Солонго амжилттай оролцож, шилдэг 15-д үлдсэн юм. “Miss Universe Mongolia” тэмцээний ялагч болсон гоо бүсгүй 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон байна.