Их Британийн ханхүүгийн хурим ТООН ХЭЛЭЭР

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-25

Их Британийн ханхүү Харри АНУ-ын жүжигчин Меган Маркл гэх бүсгүйтэй энэ сарын 19-нд нижгэр хурим хийсэн билээ. Тэгвэл тус хуримын талаарх сонирхолтой баримтуудыг тоон хэлээр хүргэе. 

40.2 сая

Ханхүү Харри,  жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслолыг зөвхөн АНУ-д 29.2 сая хүн шууд хүлээн авч үзжээ. Судалгааны байгууллагын мэдээлснээр ёслолын үйл ажиллагааг тус улсын 15 телевизийн суваг шууд дамжуулсан байна. Их Британийн хааны гэр бүл анх удаагаа өнгөт арьст америк бүсгүйг хүлээн зөвшөөрсөн нь америкчуудын хувьд онцгой тохиолдол болсон юм. Харин Их Британид 11 сая хүн үзжээ. Тэдний дунд сүйт бүсгүйн аав Томас Маркл мөн байсан юм. Учир нь тэрбээр охиныхоо хуримнаас өмнө зүрхний мэс засалд орсон учир ёслолыг зөвхөн телевизээр хүлээн авч үзжээ.  

500 

Хааны удмын шинэ гэр бүлд зориулсан нимбэгний амттай баярын бялууг “Виолет” бэйкэри хийжээ. Тус бэйкэригийн ахлах нарийн боовчин Клэйр Птак  500  өндөг, 200 ширхэг нимбэг ашиглан, сүрлэг том хуримын бялууг өвөрмөц загвараар урласан байна. Уг бялуу 71600 ам.доллароор бүтжээ. 


100.000

 Харри, Маркл нар Уиндсор ордонд гэрлэлтээ батлуулсныхаа дараа гудамжаар сүйх тэрэгтэй аялахад шинэхэн хосуудыг харахаар 100 гаруй мянган хүн цуглаж, тэдний амьдралд сайн сайхныг ерөөсөн байна. 

53

Жүжигчнээс гүнж болсон Меган Марклын тухайд амьдралынхаа  хамгийн гайхалтай өдрөө өмсөх гоёл нь хамгийн чухал байсан нь мэдээж. Тэгвэл түүнийг төгс үзэсгэлэнтэй харагдуулж байсан хуримын даашинзыг бүтээх төсөвт хамтын нөхөрлөлийн 53 улс эд мөнгөний тусламж үзүүлсэн гэнэ. Меганы хуримын даашинзыг Живоншигийн дизайнер Клэйр Уайт Келлер урлажээ. Тэрбээр сүйт бүсгүйн даашинзны гивлүүр дэх цэцгэн хээг гараар урласан бөгөөд түүний багт ажилласан оёдолчид 30 минут тутамд гараа угааж байсан аж. 

45 сая ам.доллар

Хэдийгээр хараахан тооцоо нь ил болоогүй ч, “Bridebook” сайтын мэдээлснээр Ханхүү Харригийн хуримын үеэр 31.969.873 еврогийн зардал гарчээ.  Үүнийг ам.долларт шилжүүлж тооцвол 45.520.303 болох юм. 

12 сая

Кенсингтон ордон хуримын өдөр инстаграмм сүлжээнд нийтдээ 16 зураг, бичлэг нийтэлсэн байна. Үүнд хосуудын сүмээс гарч ирж буй, сүйх тэргэнд сууж байгаа гэх мэт зургууд багтсан байна. Энэ нь 12 сая лайк цуглуулжээ. 

60 сая

Тавдугаар сарын 19-нд инстаграмм сүлжээний дэлхий даяарх 60 сая гаруй хэрэглэгч ханхүүгийн хуримын талаарх зураг постод лайк дарж, бусаддаа хуваалцаж, мөн сэтгэгдэл бичжээ. 

3

Гүнж Меганы хуримын бөгж гурван ширхэг алмазан шигтгээтэй аж. Тус бөгжний загварыг ханхүү Харри өөрөө гаргасан байна. Тус бөгжний голын том алмаазыг Ботсванагаас авчруулсан бол арай жижиг хоёр алмаазыг нь Диана гүнжийн үнэт эдлэлийн цуглуулгаас авчээ. 

6

Хуримын ёслолын гэрчийн  үүргийг долоогоос доош насны зургаан гүнж гүйцэтгэсэн байна. Тодруулбал, Шарлотт, Флоренс ван Гутсем, Реми Литт,  Райлин Литт, Айви, Залие Уаррен нар оролцжээ.