Яруу найрагч П.Бадарчийг төр соёрхоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-31

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Пунцагийн Бадарчийг төр соёрхохоор болжээ. Төрийн соёрхлыг битүүний өдөр Төрийн ордонд гардуулах юм байна.

“Есөн эрдэнийн орон”, “Эхийн сэтгэл” зэрэг алдарт шүлгээ Монголын ард иргэдийн зүрх, тархинд сийлэн үлдээсэн тэрбээр 1987 онд “Тэмээ”-гээрээ “Болор цом” хүртэж байсан түүхтэй билээ.  Яруу найрагч П.Бадарч 1960 оноос уран бүтээлээ эхэлж "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн", "Би энэ байна", "Намрын хонгор салхи" зэрэг яруу найргийн 10 гаруй ном хэвлүүлжээ.

Тэрбээр 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч болжээ.